Канад Улсын Гадаад хэргийн Туслах дэд сайд Уэлдон Эпптэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
b.tuul@montsame.gov.mn
2023-11-08 10:03:59

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр энэ сарын 7-нд Канад Улсын Гадаад хэргийн Туслах дэд сайд Уэлдон Эпптэй уулзав.


Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож буйг онцлоод, Монгол Улс чухал “гуравдагч хөрш” Канад Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ хөдөө, аж ахуй, боловсрол, байгаль орчин хамгаалал, аялал жуулчлалын чиглэлд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэв.


Туслах дэд сайд Уэлдон Эпп хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны хагас зуун жилийн ойн хүрээнд Монгол Улсад ирж, Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтад оролцох гэж буйдаа баяртай байгаагаа тэмдэглээд хоёр улсын хамтын ажиллагааг уул уурхайн салбараас бусад салбарт өргөжүүлэхийг чухалчилж байгаагаа илэрхийлэв.


Түүнчлэн талууд Канад Улсын Засгийн газраас 2022 онд зарласан “Энэтхэг, Номхон далайн стратеги”-ийн хүрээнд хамтран ажиллах боломж, бололцооны талаар санал солилцов.


Туслах дэд сайд Уэлдон Эпп Улаанбаатар хотноо 11 дүгээр сарын 9-ний өдөр зохион байгуулагдах Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтын Х хуралдаанд канадын талын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцоно.


 

Холбоотой мэдээ