АРХАНГАЙ: С.Тэмүүжин: Цэрэгт ирснээр өөрийнхөө үг болон биеийг цэгнэдэг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-11-30 15:55:46

Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байгуулсан барилга-инженерийн 342 дугаар анги шинээр татагдсан дайчдын цэргийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулсан. Дайчдын дундаас С.Тэмүүжинг онцолж, цэргийн албанд татагдсан тухай сэтгэгдлийг нь сонслоо.


-Архангай аймагт шинээр байгуулсан Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн анхны хугацаат цэргийн алба хаагчаар татагдан иржээ. Хаанаас татагдсан бэ?

-Намайг Сүхбаатарын Тэмүүжин гэдэг. Улаанбаатар хотоос 2023 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдаж ирсэн. Миний аав Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат. Би айлын том, доороо нэг эрэгтэй, хоёр эмэгтэй дүүтэй.


-Цэргийн алба хаахын давуу тал, сайхан зүйл нь юу байна вэ?

-Нэгдүгээрт, манай анги Зэвсэгт хүчний ангиуд дундаас хамгийн сүүлд байгуулсан отгон анги. Бүх юм нь шинэ. Барилгын цэргийн анги бусад ангиас юугаараа ялгаатай вэ гэхээр мэргэжилтэй, чадвартай болж албаа хаадгаараа онцлогтой. Хавар дулаан орохоор цэргүүд бүтээн байгуулалтын ажилд гарна.


-Цэрэг хүн өдрийг хэрхэн өнгөрүүлж байна вэ? Өөрсдийгөө хөгжүүлж, суралцах маш олон сургалт байдаг байх?

-Өглөө бүр 6.00 цагт босно. Бүтэн сайн өдөр 7.00 цагт босдог. Өдөр болгон дадлага сургууль, хичээлүүд хуваарийн дагуу орно. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний тухай хуулиуд, Цэргийн дүрмийг судална. Чөлөөт цагаараа найзуудтайгаа шатар, даам тоглох, зурагт үзэх, хөгжим тоглож дуулдаг.


-Хэр олон найзтай болж байна?

-Энд байгаа бүх цэрэгтэй найзууд болсон.


-Аавынхаа нутгаар ирж байсан байх. Цэргийн албанд ирснээс хойш олон үйл ажиллагааг ангиас зохион байгуулсан байсан. Аймаг нь ямар санагдсан бэ?

-Архангай манай аавын нутаг хэдий ч өмнө нь би огт ирж байгаагүй. Цэргийн албанд татагдаж, анх удаагаа ирж байгаа. Аймгийн төвөөр бид нар жагсаад дуулж алхангаа аймагтай танилцсан. Мөн аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд орж, лекц сонссон. Биднийг аймгийн төвөөр алхаад явж байхад хүн болгон хүндэлсэн, бахархсан харцаар харж байсан нь маш их урамтай байв.


-Хоолондоо хэр дасаж байна. Анх ирсэн болон одоогийн сар гаруй хугацааны дараах өөрчлөлт хэр мэдрэгдэж байна вэ?

-Цэрэгт ирэхээсээ өмнө их айж байсан. Хоол бага, дээр нь нийгмийн сүлжээнд байгаа ойлголт шиг дарамт шахалт их гээд л. Харин цэрэгт ирсний дараа энэ бол буруу ойлголт юм байна гэдгийг мэдэрсэн. Ямар ч дарамт, зодуур гэдэг зүйлгүй. Бүх л зүйл цагийн хуваарийн дагуу явдаг гэдгийг мэдэж авсан. Хоолны хувьд хангалттай, орц их учраас цадахгүй байна гэж байхгүй /инээв/. Өдөр бүр гурван удаагийн өөр өөр нэг, хоёрдугаар хоолтой. Долоо хоногийн хоёр өдөр цагаан хоолтой байдаг. Ер нь эрүүл хүнсээр хангадаг учраас цэргүүдийн эрүүл мэндэд ч сайн талтай.


-Чамайг оюутан гэж байсан?

-Тийм ээ. МУИС-ийн банк, санхүүгийн ангийн гуравдугаар дамжааны оюутан.


-Чамайг цэргийн албанд явлаа гэхэд ангийн найз нөхөд, сургуулийн зүгээс хэрхэн хандсан бэ?

-Аль нь ч эхлээд мэдээгүй. Би өөрөө ч цэрэгт татагдана гэж бодоогүй. Зарлан ирсэн. Оюутан юм чинь явахгүй байх гэж бодсон чинь тэнцсэн. Тэгээд энэ ангид хуваарилагдсан. Тэр үед л манай найзууд мэдээд бөөн шуугиан болоод үлдсэн дээ.


-Хичээлээ нөхөн үзэх гэдэг ч юмуу, ямар зохицуулалтыг хийсэн бэ?

-Манай сургуулиас цэрэгт татагдсан оюутнууд ЗХЖШ-аас бичиг аваад сургуульдаа өгөхөөр жилийн чөлөө өгөөд, сургалтын төлбөрийг 100 хувь буцаан олгодог. Дараа жил нь хичээлүүдээ бүрэн судлахад нээлттэй.


-Цэргийн алба хаасны дараа ямар өөрчлөлт гарах бол?

-Өмнө би энгийн оюутан байхдаа нэлээд сул үг ашиглаж байсан байна. Цэрэгт ирснээрээ өөрийнхөө биеийг цэгнэдэг болж байна. Ингэснээр өөрийнхөө үйлдлийг бүрэн хянаж сурч байна. Үйлдлээ хянаж сурснаар хэлэх үгээ зөв илэрхийлж чадаж байна. Өөрийгөө болон давхар нөхдийгөө хянаж чадна гэдэг бол өөрийгөө бүрэн удирдаж, сурч, хөгжих чадварыг эзэмшиж байна гэсэн үг.


-Тангаргийн баяраа хийчихлээ. Ямар санагдсан бэ?

-Цэргүүдийн хувьд цор ганц удаа тохиож байгаа тангаргийн ёслол юм. Амьдралдаа нэг л удаа өөрсдөө оролцож байгаа шүү дээ. Бусад нөхдөдөө ч эх орныхоо төлөө тангараг өргөж, эх орныхоо төлөө зүтгэхээр ирсэн хугацаат цэргийн алба хаагчдадаа баяр хүргэе. Мөн цэргийн албаа бүгд нэр төртэй хаагаад эх орондоо, аав, ээждээ хэрэгтэй хүн болж очоорой гэж хэлье.


-Баярлалаа. Цэргийн албаа сайн хаагаарай.

Холбоотой мэдээ