ӨВӨРХАНГАЙ: Бүх нийтийн соёлын боловсролыг эзэмшүүлэхэд хамтын ажиллагаа чухал байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-01-19 20:43:19

Арвайхээр, 2024 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн Соёл урлагийн газраас “Бүх нийтийн соёлын боловсролд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлснээр үндэсний соёлын дархлааг бий болгох бөгөөд үүнд салбар дундын хамтын ажиллагаа чухал байгаа аж. Өнөөдрийн хэлэлцүүлэгт төр, төрийн бус байгууллагын 40 орчим хүн оролцож, энэ сэдвээр санал сэтгэгдлээ илэрхийллээ.


Тухайлбал, цахим контент түгээх, ургийн баярын нэгдсэн дэг жаягийг тогтоож сурталчлах, хүүхэд, өсвөр үеийг зөв мэндэлж сургахаас эхлэн соёлын боловсрол эзэмшүүлэх гэхчлэн олон саналыг хэлж байв. Мөн Монголын уламжлалт өв соёл алдагдаж, гадны соёл нэвт шингэж байгаа өнөөгийн байдалд төрийн бодлого хэрэгтэй байгааг онцоллоо.


Бүх нийтийн соёлын боловсрол нь эх хэл, бичиг, түүх, өв соёл, эх оронч үзэл, зан заншил, өв уламжлалаа дээдлэх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх оюун санааны үйл явц юм. Энэ боловсролыг бүх нийтэд эзэмшүүлэхийн тулд төр засгийн бодлогын баримт бичгүүдэд олон талт үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байна. Мөн Өвөрхангай аймгийн “Бүх нийтийн соёлын боловсрол” арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөний төслийг боловсруулаад байгаа ба үүнд нийгмийн салбарын байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцлээ. 

Холбоотой мэдээ