ЗАВХАН: Хавдартай 600 гаруй иргэнд гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-05 17:21:57

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Завхан аймаг хавдрын өвчлөлийг эрт үед нь оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хийж байна.


Хавдрын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг гурван зорилттой, 16 үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Өнгөрсөн онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотор, хөнгөвчлөхийн тасагт ОНХС-гийн дэмжлэгээр 5 сая төгрөгөөр 11 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлжээ. Мөн ХӨСҮТ-д нэг эм зүйч, хоёр сувилагчийг хими эмчилгээний 14 хоногийн ажлын байрны дагалдах сургалтад, хөнгөвчлөх тусламж үйлчилгээний нэг эмчийг хими эмчилгээний төрөлжсөн мэргэжлийн 6 сарын мэдлэг олгох сургалтад хамруулан тусламж үйлчилгээг үзүүлжээ.


2023 онд хавдрын хяналтад 800 иргэн, шинээр 186 иргэн оношлогдож, хавдрын шалтгаант нас баралт 107 байна.


Амбулаторийн үзлэг 3251, хэвтэн эмчлүүлэх хими эмчилгээнд 46, хөнгөвчлөх эмчилгээнд 161 хүнийг хамруулан гэрийн эргэлтээр 42 хүнд сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлжээ. Аймгийн хамгийн олон хүн амтай Тосонцэнгэл суманд “Монос трейд” ХХК-ийн дэмжлэгээр ХСҮТ-ийн багтай хамтран аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын эмч хавдрын эрсдэл бүхий 1192 иргэнд үзлэг, оношилгоо, шинжилгээ хийсэн байна.


Үзлэгээр хорт хавдрын сэжигтэй 151 тохиолдол илэрч, онош тодруулахаар лавлагаа шатлал руу илгээн, хавдрын хоёр шинэ тохиолдол батлагдан хими эмчилгээнд орсон байна.


Мөн хавдрын өвчлөл, эмнэлзүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлт, оношилгоо эмчилгээний талаарх сэдэвчилсэн сургалт зөвлөгөөг 4623 иргэнд, хавдартай 635 иргэнд гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлжээ.


Түүнчлэн энэ үеэр асран халамжлагч 1510 хүнд мэдээлэл зөвлөгөө өгсөн тухай аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ