Татварын багц хуулийн төсөлд иргэдээс 200 гаруй санал ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-06-26 14:00:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аас Татварын багц хуулийг шинэчлэн батлах гэж буйтай холбогдуулан МҮЭ-үүдийн Холбооноос хэвлэлийн бага хурал хийж, байр сууриа илэрхийллээ.
МҮЭ-үүдийн Холбооны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлэхдээ, Хүн амын 30 хувь ядуу, дийлэнх хувь нь ямар нэгэн хуримтлалгүй, орлогын хомсдолтой байгаа өнөөгийн нөхцөлд бага болон дунд орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлж, татварын ногдуулалтыг шударга, уян хатан хүмүүнлэг бодлоготой уялдуулах хэрэгтэй байна гэв. Энэ зарчмын дагуу МҮЭ-үүдийн Холбооноос иргэд, хөдөлмөрчдийн саналыг орон даяар авч Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа хүргүүлж байна гэв. Тус холбооноос Татварын багц хуульд өгч буй санал нь ажил хөдөлмөр эрхэлж, зөвхөн цалингаас өөр орлогогүй амьдарч байгаа 1.3 сая гаруй иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлж, хуримтлал үүсгэх, баялгийн шударга, тэгш хуваарилалт, орлогын хэт ялгаатай байдлыг арилгахад чиглэж байна гээд доорх орлогуудыг Албан татвар ногдох орлогоос чөлөөлөх талаар хуулийн төсөлд тусгахыг санал болгожээ. Үүнд:
  • ХОАТ-ын хөнгөлөлтийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу өрхийн гишүүнд ногдох амьжиргааны түвшинтэй уялдуулан тогтоох
  • Хамтын гэрээний дагуу ажил олгогчоос олгож буй хоол, унаа, түлээ нүүрс, цахилгааны үнийн хөнгөлөлт, үзвэр үйлчилгээний олговор,
  • Өндөр өртөгтэй мэс засал хийлгэхтэй холбогдож, тухайн хүнд зориулсан хандивын тоглолт, бусад орлогоос олсон орлого,
  • Соёл урлагийн байгууллагууд, спортын холбоо, спортын клубын үйл ажиллагааг дэмжих зорилгоор өмчийн бүх хэлбэрийн байгууллагуудаас өгсөн 10 сая төгрөг хүртэлх хандив, түүнчлэн хөдөлмөрлөх эрх ашигтай холбогдох үйл ажиллагаанд зориулсан НДШ, ХОАТ-ыг шингээсэн цалингаас төвлөрүүлсэн гишүүнчлэлийн татварын шимтгэл,
  • Хүүхдийн хадгаламжийн хуримтлалын орлого, өндөр настны тэтгэвэр авагчид төрөөс үзүүлж буй хувьцааны ногдол ашиг,
  • Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсэнтэй холбогдсон заалтад татварын хувь хэмжээг шатлалтай болгож, ялгаатай тогтоох, тухайлбал, орон сууцны 100 м кв-аас бага бол 0.5 хувь, 100 м кв-аас их бол нэг хувь,
  • Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсвэл орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид 10 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлэх,
  • Мөн татварын хуулийн цоорхойг ашиглан их хэмжээний татвараас чөлөөлж байгааг зөв шударгаар ногдуулах гэсэн саналуудыг тусгахыг шаардаж буйгаа илэрхийлэв.
-МОНЦАМЭ агентлагийн зүгээс тавьсан “Татварын багц хуулиар өмнө нь Сангийн яам, татварын байгууллагаас удаа дараагийн хэлэлцүүлэг өрнүүлэхэд та бүхний зүгээс дээрх саналыг тавьж байсан уу, Холбооны зүгээс орон даяар явуулсан татварын хуулийн талаарх санал хураалтад МҮЭ-ийн хичнээн салбар хороо, гишүүд хамарсан бэ, дийлэнх санал нь юун дээр төвлөрч байв?
гэсэн асуултад МҮЭ-үүдийн Холбооны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат хариулахдаа “Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраар дамжуулан удаа дараа санал хүргүүлсэн боловч хуульд саналын ихэнх нь тусгагдаагүй байна. Энэ талаар бид УИХ-ын дарга болон Төсвийн байнгын хороо, УИХ дахь намын бүлгүүд болон Сангийн сайдад хандан санал тавьсан” гэв. Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбогдуулан МҮЭ-үүдийн Холбооноос орон даяар авсан санал асуулгад нийт 300 байгууллагын 1500 иргэн хамарч 150-200 гаруй санал ирүүлжээ. 
Б.Болд
Холбоотой мэдээ