Дэлхийд монголын соёл урлагийг сурталчилдаг 39 “Соёлын элч” бий

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-09-12 14:24:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-наас “Монгол Улсын Соёлын элч нарын анхдугаар чуулга уулзалт”-ыг зохион байгууллаа.

Тус яамнаас түүх, соёл урлаг, өв уламжлал, аялал жуулчлал, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийг олон улсад сурталчлан таниулах чиглэлээр Монгол Улсын болон гадны орнуудын нэр хүнд бүхий нийгэм соёлын зүтгэлтнүүдийг Монгол Улсын Соёлын элчээр томилон хамтран ажилладаг.

Тэгвэл эдгээр Соёлын элч нарыг нэгдсэн мэдээллээр хангах, тэдний уялдаа холбоог сайжруулах, харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор энэхүү анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулав. Чуулга уулзалтад ОХУ, БНСУ, ИБУИНХУ, ХБНГУ, Япон, Сингапур, Индонези зэрэг 9 оронд Монгол Улсын Соёлын элчээр томилогдон үйл ажиллагаагаа явуулж буй 20 гаруй элч төлөөлөгч оролцлоо.



Уулзалтад БСШУСЯ, Соёл урлагийн газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, БОАЖЯ, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Монголын Урлагийн зөвлөл, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож, соёл урлаг, аялал жуулчлал, түүх, соёлын өвөөр дамжуулан Монгол Улсыг хэрхэн гадаадад сурталчлах боломж, арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 
 
Чуулга уулзалтын нээлтийн ажиллагааны үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын түүх, соёл урлаг, өв уламжлал, аялал жуулчлал, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийг олон улсад сурталчлан таниулахад Соёлын элч нарын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэллээ. Тэрбээр хэлэхдээ, “Соёлын элч нар тусгай үүрэг, эрхтэй. Жил бүр төлөвлөгөө гаргаж ГХЯ-аар батлуулж, тайлан тавьдаг. Соёлын элч нар жигд бус ажиллагаатай байгаа. Тиймээс энэхүү чуулга уулзалтын үеэр Соёлын элч нар мэдээлэл авч, идэвхжин, урам орж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас улс орноо гадаадад сурталчлахад ямар бодлого дэвшүүлж байгааг мэдэж, судалж, цаашид Соёлын элчийн үүргээ биелүүлэх, Монгол Улсыг гадаадад сурталчлахад ахиц гаргана гэдэгт итгэж байна” гэв.
 
ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дарга Х.Мандахцэцэг, “Цаашид Соёлын элч нар тогтвортой, алсын хараатай соёлын бодлоготой байх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөрөнгө санхүүжилтийг шийдвэрлэх, “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан” байгуулах шаардлагатай” гэдгийг тодотгов.

Тус чуулга уулзалтыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
 
Дашрамд дурдахад, өнөөдөр дэлхий дахинаа монголын соёл урлагийг сурталчилдаг 39 “Соёлын элч”  бий ажээ.
Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал
 
 

相关新闻