МАН-ын бүлэг 8 хууль, тогтоолын төслөөр 5 хоногийн завсарлага авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх 8 хуулийн төслөөр УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.
Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Оюун нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, УИХ-ын гишүүн Н.Батбаярын өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээс тус тус завсарлага авч байгаагаа УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдэгдлээ.
Мөн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Oлон улсын гэрээний тухай, Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс мөн завсарлага авав.
МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр завсарлага авч тухайд "Нэг гишүүн хоёр кноп дарах байдлаар чуулганы хуралдаанд гишүүд оролцож байна. Мөн манай бүлгээс гаргасан хуулиудыг хэлэлцэхгүй байгаа тул завсарлага авч байна" гэсэн тайлбар өгч байв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, "Хуулиараа явмаар байна. Албан ёсоор бүлгийнх нь дарга завсарлага авч байгаа бол хуультайгаа нийцэж байна. Мөн бүлгийн дарга эзгүй бол дэд дарга завсарлага авч болно. Манай бүлгийн тухайд хуралдаанаараа ямар асуудал дээр хэн завсарлага авах вэ гэдгээ өмнө нь тогтож шийдвэрлэдэг" гэсэн бол УИХ-ын дарга З.Энхболд, "Ер нь МАН-ын бүлэг хуралдаж, хэлэлцэж буй бүх асуудлаар завсарлага авна гэсэн шийдвэрээ гаргасан юм уу" гэсэн асуудлыг тодруулсан. Энэ асуултад МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, "Өнөө өглөө манай бүлгийн гишүүдийн дийлэнх нь уулзаад, ийм шийдвэр гаргасан" гэлээ.
Б.Туул