Хөдөө аж ахуйн яам авлигын эсрэг ажлаараа тэргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМАвилгатай тэмцэх газраас төрийн байгууллагуудын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн. Тэгвэл яамдын авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээгээр Хүнс, Хөдөө аж ахуйн яам хамгийн өндөр буюу 80 оноо авч тэргүүлжээ.
Тус яам сүүлийн хоёр жилийн турш энэхүү жагсаалтыг тэргүүлж буй бөгөөд АТГ-ын зүгээс яамны Эрх бүхий албан тушаалтны ажлыг 99 хувь гэж үнэлснийг онцолжээ.
Энэ жил Авилгатай тэмцэх газраас “MDS and Khanlex” нийгэмлэг, “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ, “Хөгжлийн санаачилга бодлого судлалын төв”, “SICA” компанитай хамтран улсын хэмжээнд авлигын эсрэг авч хэрэгжүүлсэн ажиллагаанд үнэлгээ хийжээ. Энэ нь төрийн байгууллагуудын авилгын эсрэг авч хэрэгжүүлсэн ажиллагааны үнэлэх аргачлалын дагуу гурав дахь удаагаа хийж буй үнэлгээ бөгөөд тухайн байгууллага тайлан мэдээллээ олон нийтэд хүргэдэг эсэх, эрх бүхий албан тушаалтан нь хэдэн хувийн нэмэгдэл авдаг зэргээр нь дүгнэжээ. Судалгаанд 17 байгууллага, 15 яам, 28 агентлаг, аймаг, нийслэлийн есөн дүүрэг, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 39 байгууллага нийт 120 гаруй газар хамрагдсан байна. Энэ жил улсын дундаж үнэлгээ 67.8 хувьтай байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 7.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Б.Заяа