"Оюутолгой" ХХК-ийн тэтгэлэгт хөтөлбөрт 34 оюутан шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ“Оюутолгой” компаниас тав дахь жилдээ зохион байгуулж буй “Оюунлиг хүмүүн Монголын баялаг” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан залууст батламж гардуулах ёслол “Шангрилла” зочид буудлын хүндэтгэлийн танхимд боллоо.
Уг ёслолд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, дотоод, гадаадын их дээд сургуульд “Оюутолгой” компанийн тэтгэлгээр суралцах эрх авсан залууст батламжийг нь гардуулж баяр хүргэв.
Энэ удаа гадаадын их, дээд сургуульд магистраар сурах дөрвөн оюутанд тэтгэлэг олгохоор болжээ. Харин дотоодын тэтгэлэгт 30 оюутан шалгарч, тэдэнд нийтдээ 300 сая төгрөгийг зарцуулах юм байна. Шалгарсан оюутнуудын 17 нь хөдөө орон нутгаас суралцаж буйг албаныхан тодотголоо. Тэтгэлэгт хамарсан 15 оюутан нь ШУТИС-д суралцдаг байна.
Тэрээр хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яам “Оюутолгой” компанитай өргөн цар хүрээтэй хамтарч ажилладгийн нэгээхэн хэсэг нь эл арга хэмжээ юм. Манай хөдөлмөрийн салбарын хувьд мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт “Оюутолгой” компани багагүй хувь нэмэр оруулж, оюутан залуусын сурах орчин, сургалтын материаллаг баазыг сайжруулж бэхжүүлэхэд ихээхэн ажил өрнүүлж байна” хэмээн онцлон тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан залууст сурлагын амжилт хүслээ.
“Оюутолгой” компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн таван жилд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт нийт 10 сая ам.долларыг зарцуулжээ.
2010 онд Засгийн газар, БСШУЯ-тай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд “Оюунлиг хүмүүн Монголын баялаг” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд уул уурхай, барилга болон бусад мэргэжлээр 200 оюутныг дотоодод, 40 оюутныг гадаадын их, дээд сургуульд сурахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Б.Заяа