Э.Бат-Үүл: Хот зөвлөлдөх ардчиллын аргачлалыг сонгосон

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-12-12 15:45:26

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулж байгаа “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Э.Бат-Үүл, “Монгол Улсын Үндсэн хуульд орон нутгийн хурлыг Иргэдийн хурал гэж нэрлэнэ. Орон нутгийн эрх мэдлийг зохицуулахдаа улс төрийн намаас хамаарахгүй иргэдийн оролцоон дээр тулгуурлана хэмээн зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, иргэдийн оролцоон дээр тулгуурласан тогтолцоог орон нутгийн бүтцэд байлгана гэсэн санааг Үндсэн хуулинд тусгаж өгсөн. Гэвч харамсалтай нь өнөөдрийг хүртэл орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудад улс төрийн оролцоо, намуудын оролцоотой төлөөллийн байгууллыг бий болгосоор ирсэн. Тиймээс бид иргэдийн төлөөллийн байгууллагаар орон нутгийн үйл ажиллагааг  яаж удирдуулах вэ гэж эрэл хайгуул хийсний үр дүнд “Зөвлөлдөх ардчилал”-ын аргачлалыг сонгон авсан юм. Цаашид Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтынхаа ажилд шаардагдах хөрөнгө, хэрэгцээ, зураг төсөл, газрын байршлыг хүртэл иргэдэд мэдээлж, тэднээр тодорхойлуулдаг болохоор ажиллаж байна” гэв.

Хэвлэлийн бага хуралд Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын төвийн захирал, Профессор Жэймс С. Фишкин, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын төвийн ахлах зөвлөх  Г.Занданшатар нар оролцсон юм. Зөвлөлдөх ардчилал хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин, “Зөвлөлдөх санал асуулга” дэлхийн 22 оронд хэрэгжиж тухайн улс, хотын онцлогоос хамаараад санал асуулгын үр дүнгээ өгөх хугацаа янз бүр байсан гэсэн юм. Улс орны хөгжлийг иргэдээрээ тодорхойлуулах санал асуулгыг илүү үр дүнтэй болгохын тулд санал авах төслүүдийн мэдээллийг маш сайн боловсруулж, төслийн давуу талыг тодорхой зааж, шаардлагатай мэдээллүүдийг заавал оруулсан байх ёстой. Ингэснээр иргэдийн санал, байр суурийг бодитой тусгах  боломж бүрдэнэ гэдгийг хэллээ.

 

相关新闻