Цахим газар өмчлөлийн 5 дугаар ээлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-14 12:50:31

Цахим газар өмчлөлийн 5-р ээлжийн бүртгэл өнөөдөр 12.00 цагт эхэллээ.

Бүртгэл 15 хоног үргэлжлэх бөгөөд энэ удаа шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулах аж.

Газар өмчлөх өргөдлийг www.umch.ub.gov.mn цахим хуудсаар авахаас гадна ухаалаг утасны “Газар өмчлөл” аппликейшнээр дамжуулан авах аж. Өмнө нь газар өмчлөх өргөдөл илгээж байсан иргэд өөрийн регистрийн дугаар болон анх бүртгүүлэхэд нь өгсөн нууц дугаарыг ашиглан дахин өргөдөл илгээх боломжтой юм. Харин шинээр бүртгүүлж байгаа иргэд бүртгүүлэх хэсэгт дарж, өргөдөл бөглөх хэсгийг дарж, бүх асуултыг бөглөн илгээх юм.

2003 оноос хойш нийслэлийн иргэдийн 13 хувь нь газраа өмчлөөд байгаа бөгөөд цахим газар өмчлөлөөр дамжуулан 68 мянга гаруй иргэн газартай болжээ. Өнгөрсөн хугацаанд цахим газар өмчлөлд нийт 700 мянга гаруй хүн бүртгүүлсэн нь иргэдийн газар өмчилж авах сонирхол нэмэгдэж байгааг харуулж байгаа юм. Тиймээс Нийслэлийн өмчийн харилцааны газар 2016 оноос бүх үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд чирэгдэлгүйгээр хурдан, шуурхай ажиллах болно хэмээн тус газрын дарга Ш.Төмөрбаатар хэллээ.

Ч.Ариунболд

相关新闻