“CASTLE” клубын нээлтэд 7 хамтлаг тайзнаа хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГДэлхийн дээд зэрэглэлийн клубын стандартаар Монголд анх удаа байгуулж буй “CASTLE” клуб энэ сарын 18-нд үүдээ нээнэ.
Тус клубын нээлтэд зориулан Монголын рок поп урлагийн нэгэн үеийн 7 хамтлагийн залуус нэгдэн “Мартагдашгүй” тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтын талаар уран бүтээлчид болон зохион байгуулагчид өнөөдөр МУЭ-ийн "Best art gallery"-д мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн 10 дугаар сард Монголын рок поп урлагийн шилдэг эрэгтэй 5 хамтлагийн хамтарсан “Мартагдашгүй” тоглолт хүрээгээ тэлж, энэ удаа “Сүнс”, “Номин талс”, “Салхи”, “Guys”, “Freezone”, “Хар сарнай”, “Нисванис” зэрэг 7 хамтлаг нэгдэн тоглох юм.
Тэд өөрсдийн дуугаар дамжуулан эв нэгдлийг бэлгэдэж байгаагаас гадна үе үеийн хит дуугаараа үзэгчдийн сонорыг мялааж, дурсамжийг сэргээн хамтдаа дуулж бүжиглэн мартагдашгүй, давтагдашгүй нэгэн үдшийг үзэгч олондоо бэлэглэнэ гэв. Тоглолтод хамтлаг бүр өөрийн шилдэг 5-7 дууг дуулахаас гадна хамтлагууд нийлж “Мартагдашгүй” төслийг санаачлагч, дуучин Л.Тайванбатын “Мөрөөдөл” дууг шинэчлэн дуулах юм байна.
“Castle” клуб нь гурван давхар 1500 хүний багтаамжтай, 800 хүний суудалтай, орчин үеийн гэрэл, хөгжим хэрэгслийг суурилуулсан бөгөөд үйлчлүүлэгч хаана ч суусан тайзыг бүрэн харах боломжтой. Мөн 300 машины зогсоолтой, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангажээ.
Энэхүү тоглолтын тасалбарыг үнэлээгүй бөгөөд тухайн өдөр “Castle” клубээс тогтоосон таксыг төлөн өөрийн хүссэн ширээгээ захиалан үзэх боломжтой, 1500 үзэгчдэд нээлттэй хэмээн зохион байгуулагчид онцолж байв.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "MGL Agency", хамтран зохион байгуулагчаар “Miracle Entertainment”, “MGL” media group, "CHUBA" дизайн, "MGL engineering & construction" ажиллаж байна.
Ж.Болор