“Гутайн даваа” компанид хууль зөрчин ашиглалтын зөвшөөрөл олгоогүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-23 13:30:31

“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-аас Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг Онон голын сав газарт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон хэмээн Уул уурхайн сайд Р.Жигжидийг огцрохыг шаардаж, улс төрийн суулт зарласан. Уг асуудалтай холбогдуулан өнөөдөр Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийлээ.

УУЯ, Ашигт малтмалын газар энэ оны 8 дугаар сарын 13-нд “Гутайн даваа” компанид ашиглалтын зөвшөөрөл олгожээ. Уг компани нь 2003 онд тус нутагт хайгуул хийх тусгай зөвшөөрөл авч, Гутайн алтны үндсэн ордыг илрүүлэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд 3,174 тн алтны нөөц бүртгүүлжээ. 2012 онд тус бүс нутаг нь “Урт нэртэй” хуульд зааснаар Ойн сан бүхий газартай давхцалтай байсан тул ашиглалтын лиценз олгох боломжгүй байжээ. Энэ хоёрдугаар сарын 18-ны өдөр “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль” баталснаар Гутайн орд газар нь Ойн сан бүхий газрын давхцалаас гарсан тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон хэмээн Р.Жигжид сайд мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр, ““Гутайн даваа” компани нь Монгол-Канадын хамтарсан аж ахуйн нэгж бөгөөд Монголын тал 51 хувийг эзэмшдэг. Өнгөрсөн сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр Гутайн ордны ТЭЗҮ-ийг батлуулжээ. ТЭЗҮ-д тус ордод 5 жилийн хугацаанд 1.3 тн алт олборлох бөгөөд 205 хүнийг ажлын байраар хангах, 22.5 тэрбум төгрөгийн татвар хураамж төлж, 30 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар тусгасан байна.

Одоогоор тус компани “Дэлгэрэх-Ач” компаниар Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж байгаа. Уг Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр экологид сөргөөр нөлөөлнө гэж үзвэл ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах юм. Тиймээс хууль зөрчин “Гутайн даваа” компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоогүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна” гэлээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻