Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрх олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-17 13:19:05

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. НИТХ-аас “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд түншлэлийн гэрээ байгуулах эрхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт олголоо.


НЗДТГ-ын мэдээлснээр, нийслэлд жилд 1.5 сая тонн хог хаягдал төвлөрсөн цэгүүдэд хүргэдгээс 25 орчим хувийг нь дахин боловсруулдаг. Иймд Улаанбаатар хот төдийгүй Монголд анх удаа олон улсын жишигт нийцүүлэн “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих юм.


Хан-Уул дүүргийн Морингийн даваанд 10 га талбайд барих “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” хоногт 1500 тонн, жилд 1.5 сая тонн хог шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ.


Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК шалгараад байгаа. Энэ төслийн хүрээнд сүүлийн таван жилд булсан хогийг цуглуулан шатааж, байгаль орчныг нөхөн сэргээх юм. Үйлдвэрийг хоёр жилийн хугацаанд барихаар төлөвлөжээ.


Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барьснаар нийслэлийн хог хаягдлын 31.8 хувийг шатааж устгаснаар агаарын бохирдлыг багасгаж, гэр хорооллын 2333 өрхийг цахилгаанаар ханган, агаарт үүссэн 106.1 мянган тонн нүүрс хүчлийн хийг бууруулна. Мөн хог булшлах газрыг нөхөн сэргээж, ажлын байр шинээр бий болгох, хог хаягдлын цэгийг цөөлснөөр хүлэмжийн хийн ялгарлыг багасгах зэрэг ач холбогдолтой. 

相关新闻