Дундговийн малчид Дүнжингаравт цагаан идээгээ худалдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 10:04:58

Жижиг, дунд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ зах зээлд танилцуулж, худалдан борлуулах нөхцлийг бүрдүүлдэг “Дундговь- Түншлэл” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17- 18- ны өдөр Мандалговь хотод болно.

11 дэхь жилдээ зохион байгуулах гэж буй үзэсгэлэн худалдаа энэ удаа ямар онцлогтой байхыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Д. Энхтуяагаас тодруулахад,  зөвхөн “Дундговь түншлэл” үзэсгэлэн худалдаанд бус энэ сарын 25- 26- ны өдөр Улаанбаатар хотын Дүнжингарав худалдааны төвд болох “Дундговийн цагаан идээ” үзэсгэлэн худалдаанд сүүн бүтээгдэхүүн, цагаан идээгээ худалдан борлуулах боломжийг энэ жил малчиддаа олгож байгаа. “Дундговь түншлэл”- ээс сүүн бүтээгдэхүүн, цагаан идээгээ эрүүл ахуйн стандарт шаардлага ханган бэлтгэж, хэрэглэгчдэд хүргэж байгаа малчид, малчдаа зохион байгуулж оролцуулж буй таван сумыг шалгаруулж, Дүнжингаравт болох үзэсгэлэн худалдаанд оролцох замын зардалд аймгийн Засаг дарга дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Энэ жил “Дундговь Түншлэл”- ээс 11 төрлөөр шилдэг бүтээгдэхүүнийг тодруулах бөгөөд үзэсгэлэн худалдааг Хөдөлмөрийн хэлтэс, “Дэлхийн зөн” ОУБ, Малчдын “Баянцагаан” холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн холбоо аймгийн ЗДТГ- тай хамтран зохион байгуулах юм байна.

Дундговь Т. Отгонтуяа

相关新闻
注释