“Долоон түмэн настай Довон хар бөх” тууль хайлна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЖилкерийн удмын 9 дэх үеийн туульч А.Балдандорж “Долоон түмэн настай Довон хар бөх” туулийг билгийн тооллын өвлийн дунд сарын 30-нд буюу энэ сарын 9-ний 11:00 цагаас эхлэн Богд хааны ордон музейн Хаан туульсын өргөөнд бүрэн эхээр нь хайлна.
Энэхүү тууль нь догшин тууль бөгөөд гай барцад, хэл ам, үхэл зовлон бүгдийг засдаг учиртай аж. “Долоон түмэн настай Довон хар бөх”, “Талын хар бодон” гэх мэт туулийг өвлийн өдөр мал хотлоод нар бууж бүрэнхий болох үед хайлж эхэлдэг. Энэ нь ойролцоогоор 16-17 цагийн үед гэсэн үг. Маргааш өглөө нь 9 гэхэд завсарлаад орой нь дахиж үргэлжлүүлээд хоёр шөнө хайлж дуусгадаг байна.
Мал хотолж, бүрэнхий болох үед хайлж эхэлдэг эл туулийг өглөө эхлэх гэж буйн учрыг туульч, “Хар буруу бүхнийг засдаг бэлгэдэлтэй баатарлаг туульсыг тасралтгүй хайлбал 24 цаг үргэлжилдэг. Хэрвээ үдээс хойш хайлбал ирсэн зочид хоёр өдөр зарцуулах тул зан үйлийг бага зэрэг гажуудууллаа” хэмээн тайлбарлажээ.
Туулийн завсарлага бүрийн дараа хайлсан хэсгийн тухай тайлбарлаж, баруун монгол ардын бий биелгээ, морин хуур, икэлийн татлага, ятга, цуур, хөөмэйн үзүүлбэр зэрэг урлагийн тоглолт толилуулах аж.
Ж.Болор