Хүүхдийн мөнгө олгох асуудлыг УИХ яаралтай дэгээр хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-08 15:34:47

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэнтэй холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийв. 

Тэрбээр мэдээллийн санд хамарсан нийт өрхийн хүүхдүүдэд хуучнаар нь хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулж тогтоолын төслийг өргөн барьсан гэдгийг онцоллоо.

Хүүхдийн мөнгийг 2016 оны нэгдүгээр сараас эхлэн 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдэд олгоход 601.1 мянган хүүхэд буюу одоо хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдийн 58.2 хувь нь авч, өрхийн амьжиргааны түвшингийн 18-20 дугаар бүлгийн өрхийн 128,795 хүүхэд болон амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаагүй өрхийн 297,475 хүүхэд буюу нийт 426.3 мянган хүүхэд мөнгө авахааргүй болж байгаа аж.  Иймд эдгээр өрхөөс 18-20 дугаар бүлэгт багтсан 128.8 мянган хүүхэд болон судалгаанд хамраагүй 297.5 мянган хүүхдийн 30 хувь буюу 87.3 мянга, нийт 216.1 мянган хүүхэд дахин үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргах магадлалтай байгаа юм. Хүсэлт гаргах магадлалыг 50 хувь гэж тооцвол улсын хэмжээнд 89,512 орчим өрхийн 108.0 мянга орчим хүүхдэд дахин үнэлгээ хийх төлөвтэй байгаа гэнэ.

Иймд цаашид эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд очиж байгаа нийгмийн хамгааллын дэмжлэгийг бууруулахгүй байх, зорилтот бүлэгт очих дэмжлэгийг оновчтой зохион байгуулах шаардлагыг харгалзан “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Тогтоолын төсөлд “1-17 дугаар бүлгийн” гэсэн хэсгийг хасах ба уг тогтоолыг 2016 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻