Тэвш багийн малчид дундын сан үүсгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 19:43:27

Мал олонтой малчид нь залуу малчдаа малжуулж, амьжиргааг нь дэмжиж байгаа сайн жишээ Сайнцагаан сумын Тэвш багийнханд байна.

 Монгол Улсын сайн малчин Ү. Чимэд- Очир багийнхаа цөөн малтай нэг өрхөд эм хонь, эм ямаа тус бүр 25- ыг өгч малжуулах санаачлага гаргасныг аймаг, сумын сайн малчид өртөөлөн үргэлжлүүлж, аймгийн сайн малчин Ш. Ганхуяг хоёр өрхөд тус бүр 30, сумын сайн малчин М. Шатар нэг өрхөд 50 мал өгөх санаачлага гаргасан байна. Сайн малчдын хандивын малыг хэнд өгөх талаар багийн ИНХ- аар хэлэлцэж, залуу малчин Б. Батболд, С. Отгонбаяр, Б.Шинэбаяр, Л. Лувсанням нарыг сонгожээ.

Сайнцагаан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бүрдүүлсэн цөм сүргээс сүүлийн гурван жилд Тэвш багийн 5 малчин өрх малжаад байгаа дээр ийнхүү сайн малчдын дэмжлэгээр залуу малчдаа малжуулах дундын санг үүсгэсэн нь эцсийн дүндээ малчдынхаа амьжиргааг нэг түвшинд хүргэж сайжруулах ач холбогдолтой хэмээн багийн Засаг дарга Ш. Батбаатар тодотгосон юм.

Тус баг сүүлийн жилүүдэд мал сүргээ тогтмол өсгөж, 68 мянга 500 толгойд хүргэн нь мал сүргийнхээ тоо толгойгоор сумандаа тэргүүлдэг болжээ.

Дундговь Т. Отгонтуяа

相关新闻
注释