Байгаль орчинд ээлтэй төслийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх нь зөв гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНЗДТГ, Азийн сангаас 2015 оны 12 дугаар сарын 12, 13-нд зохион байгуулсан Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх уулзалтаар нийслэлийн иргэд агаарын бохирдлыг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг байгаль орчинд ээлтэй төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзжээ.
Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, АНУ-ын Станфордын Их сургуулийн профессор, ноён Жэймс Фишкин болон зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.
“Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал”-ын хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх Улаанбаатар метро, Туул усан сан цогцолбор, Туулын хурдны зам, Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк, Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк, Эко парк байгуулах зэрэг 14 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Уг төслүүдийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангаж, тэдний саналд үндэслэн төсөл хэрэгжүүлэх дарааллыг тогтоох зорилгоор “Иргэдийн оролцоо- Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан хэмээн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл мэдээллийн эхэнд онцлон тэмдэглэв.
Зөвлөлдөх санал асуулгад нийслэлийн 152 хорооноос санамсаргүй байдлаар сонгогдсон 317 иргэн оролцож, төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, өөрсдийн саналаа хэлсэн байна. Хэлэлцүүлгийн төгсгөлд нууц санал хураалт явуулахад “Сургууль цэцэрлэгийн барилгын дулаанд шинэчлэл хийх”, “Туул, Сэлбэ голын орчныг сэргээх”, “Эко парк байгуулах” зэрэг төслийг хамгийн түрүүнд хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн дүн гарчээ. Үүний дараа хотын хэт төвлөрлийг сааруулах зорилго бүхий Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк, Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл оржээ. Харин “Улаанбаатар метро”, “Экологийн коридор” байгуулах төслийг хамгийн сүүлд хэрэгжүүлэх болжээ. Дээрх 2 төслийг хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө шаардлагатай бөгөөд гадаадаас зээл авах магадлалтай тул хамгийн сүүлд хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна хэмээн АНУ-ын Станфордын Их сургуулийн профессор, ноён Жэймс Фишкин хэллээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар санал асуулгын дүнг хэлэлцэж, төсөл хэрэгжүүлэх дарааллийг журамлах аж. Түүнчлэн дараагийн санал асуулгыг хотын дүрэм болон нийслэлийн засаглалыг сайжруулах чиглэлээр явуулахаар төлөвлөж байгааг Э.Бат-Үүл дарга хэлэв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ