Гацууртын ордын асуудлаар АН-ын бүлэг завсарлага авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-22 12:13:51

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Сентерра гоулд Монголиа” ХХК юм. Гацууртын ордын төслийг хэрэгжүүлэхдээ толгой компани болох “Сентерра Гоулд Монголиа” ХХК нь  “Бороо гоулд” ХХК-ийн үлдэгдэл хөрөнгийг ашиглах бөгөөд үлдсэн хөрөнгө оруулалтыг зээл болон бусад эх үүсвэрээс  зохицуулах аж.

Тус хуулиар төрийн эзэмшлийн хэмжээг ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах зохицуулалтыг тусгасан.

Хэлэлцүүлгийн шатанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, “Эдийн засгаа Засгийн газар урагшлуулахгүй байна гэдэг. Эдийн засгаа урагшлуулах гэхээр гацаа тавьдаг. Ямар Засгийн газар энэ хайчинд ажиллах юм бэ” гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Уянга, “50 тонн алтны нөөц, 1000 ажлын байрны төлөө 350 хүннүгийн үеийн булшийг устгаж болохгүй” гэсэн байр сууриа илэрхийлж байв.

Энэ  үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар завсарлага хүсэхэд хуралдааныг даргалагч ёсоор болголоо.

Б.Туул

相关新闻