Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авна
МОНГОЛЫН МЭДЭЭӨмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нурууг Улсын нөөцөд авсантай холбогдуулан өнөөдөр Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийлээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ойрын өдрүүдэд Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах ёстой байтал Засгийн газар улсын нөөцөд авсан тогтоол гаргасныг шүүмжилсэн. Гэхдээ Засгийн газар шууд тогтоол гаргаж, тусгай хамгаалалтад авах нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчих тул эхний ээлжинд улсын нөөцөд бүртгэсэн хэмээн Уул уурхайн сайд мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.
Тэрбээр, Засгийн газар Тост, Тосон бумын нурууг тусгай хамгаалалтад авна. Гэхдээ тус бүс нутгийн улсын тусгай хамгаалалтад авахад Тост, Тосон бумбын нуруунд олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах шаардлага тулгарч байна. Улсын нөөцөд авснаар энэхүү бүсэд олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг хязгаарлахаас гадна дахин зөвшөөрөл олгохгүй байх эрх зүйн орчин бүрдэнэ.
Тост, Тосон бумбын нуруунд одоогоор ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 7 хуулийн этгээд бий. Ашигт малтмалын хуулийн дагуу улсын тусгай хамгаалалтад авахын тулд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох эсхүл өөр газар тусгай зөвшөөрөл өгөх ёстой. Өнөөдрөөс эхлэн УУЯ-ны төлөөлөл дээрх 7 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, нөхөн олговор олгох эсхүл өөр газарт тусгай зөвшөөрөл олгох талаар хэлэлцэнэ. Уг асуудал бүрэн шийдэгдсэний дараа тусгай хамгаалалтад авах эрхзүйн орчин бүрдэх юм” хэмээв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр