Г.Уянга: Оюутолгой хэзээ нэгэн цагт Арбитрын шүүхэд очиж таарна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-01 12:58:04

УИХ дахь Бие даагчдын гишүүдийн мэдээллийн цагт УИХ-ын гишүүн Г.Уянга хамтарч оролцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Уянга нар “УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах асуудал үр дүнд хүрсэнгүй. Гэхдээ Оюутолгойн асуудал хэзээ нэгэн цагт олон улсын Арбитрын шүүхэд очиж таарна. Тэр үед УИХ-ын чуулганы хуралдаан дээр ярьсан уг төсөлтэй холбоотой асуудал Арбитрын шүүх дээр тодорхой баримт болох нь гарцаагүй. Нөгөөтэйгүүр энэхүү огцруулах саналын хүрээнд ард түмэнд үнэн бодит мэдээллийг гаргаж тавьсан хэмээн үзэж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Уянга, “Оюутолгой бол өнөөгийн түвшинд дэлхийд нэгдүгээрт жагсаж буй орд. Одоогоор мэдэгдэж буй нөөц нь 7 Эрдэнэттэй дүйцэхүйц зэсийн нөөцтэй, 37 Гацуурттай дүйцэхүйц алтны нөөцтэй. Ашиглалтын явцад нөөц нь өсөх магадлалтай. Энэ ордоо ашиглаад сайхан амьдарч болох байтал бид их өрөнд ороод байна.

Анх тус ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд 4 тэрбум ам.долларыг тусгаж, эхний ээлжинд ил уурхайг 30 жил ашиглана.  Гучин жилийн хугацаанд ашиг олоод далд уурхай руугаа орно гэсэн ч ашиглалтын явцад анхны хүлээн зөвшөөрсөн 4 тэрбум ам.доллар 8,4 тэрбум ам.доллар болж өссөн. Үүн дээр нь маргаан үүсгээд явж байтал Дубайн гэрээг байгуулсан. Үүгээр 6,8 тэрбум ам.доллараар төслийг нэмэгдүүлсэн. Дубайн гэрээгээр авсан 6.8 тэрбум ам.долларыг манай хойч үе маань төлнө. Ийм гэрээ байгуулсныхаа төлөө Засгийн газар огцрох ч багадна. Харин ч эрүүгийн хариуцлага хүлээх ёстой” хэмээн ярьсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ үеэр Оюутолгойн төслийн манай улсад үзүүлж буй эдийн засгийн нөлөөг тоо баримтаар өгүүлсэн. Тэрбээр хэлэхдээ Оюутолгойн гадагш гаргаж буй баялагийн хэмжээ өсөлттэй байгаа ч үр нөлөө нь улс орны эдийн засагт сайнаар тусахгүй байна гэсэн юм. Мөн тэрбээр Органик хүнсний тухай хууль, Алслагдсан бүс нутагт татварын хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийг дэмжихээ илэрхийлсэн бол Гацууртыг асуудлыг дэмжихгүй гэдгээ хэлсэн. Түүнчлэн одоогоор ирэх УИХ-ын сонгуульд оролцох эсэхээ сонгогчдоосоо асуусны дараа шийднэ. Ямартай ч одоогийн бүрэн эрхийн хугацаанд бие даагчийг байр сууриа хадгална" гэв.

Б.Туул

相关新闻