Сард 117 мянган иенийн тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-02-16 12:24:54

2016 оны санхүүгийн жилд хэрэгжих япон хэл, япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.

Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам нь 2016 оны санхүүгийн жилийн тус улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд япон хэлний мэдлэг, Япон орон, соёлын талаарх мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор суралцахын тулд шалгалт өгөх хүсэлтэй монгол оюутнуудыг бүртгэж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 22-26-нд 13:00-17:00 цагт Монгол-Япон төвд болно.

Оюутнууд Монгол Улсын иргэн байх, 1986 оны 4 дүгээр сарын 2-ноос 1998 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх, Монгол Улсын их, дээд сургуулийн 2 эсвэл 3 дугаар курсын оюутан бөгөөд үндсэн мэргэжил нь япон хэл, япон соёл байх, Япон улсын их, дээд сургуульд япон хэлээр суралцахад хангалттай япон хэлний мэдлэг чадвартай байх, бие болон сэтгэцийн хувьд эрүүл байх, Японы их сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх, Японд очихдоо "Их дээд сургуулийн оюутан" ангиллын виз авсан байх шаардлагатай.

Бүх шатны шалгалт, шалгаруулалтад тэнцсэн оюутан ирэх 10 дугаар сараас Японы их дээд сургуульд япон хэл, япон соёл судлаач оюутнаар нэг жилийн хугацаанд суралцах юм. Хугацааг сунгах боломжгүй бөгөөд суралцах хугацаанд сар бүр 117 мянган иений тэтгэлэг олгох аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг Японы ЭСЯ-ны Соёл, боловсролын хэлтсийн 320777 дугаараас лавлах боломжтой.

Ж.Болор

相关新闻