Япон соёлын наадамд 120 орчим урлаг, соёл, бизнесийн төлөөлөл оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар./МОНЦАМЭ/. “Япон соёлын наадам 2018” өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд “Япон соёл, япон амт, япон чанартай танилцах Японы нэг өдөр” уриан дор эхэллээ.
Монгол, Япон улсын бүхий л салбарын харилцаа,
хамтын ажиллагаа 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш эрчимтэй бөгөөд
тогтвортой хөгжин 1996 оноос иж бүрэн түншлэлийн, 2010 оноос стратегийн
түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байгаа юм. Нэн ялангуяа хоёр орны ард
иргэдийн найрамдалт харилцаа бэхжин соёлын хамтын ажиллагаа өргөжиж байгаа
билээ. Үүний тод илрэл бол Монголын ард иргэдэд Японы соёлыг түгээх 9 дэх
удаагийн энэхүү арга хэмжээ юм.
БОАЖЯ, Монгол
Улсаас Япон улсад суугаа ЭСЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн
Аялал жуулчлалын газар болон аялал жуулчлалын зарим компаниуд хамтран зохион
байгуулж буй тус арга хэмжээнд Япон Улсаас 120 орчим урлаг соёл, бизнесийн
байгууллагуудын төлөөлөгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй
боловсрол, худалдаа, урлаг соёлын байгууллагууд оролцож байна.
Наадмын
үеэр Японы соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн, уралдаан, бараа
бүтээгдэхүүн, амтат хоол зэргийг олон нийтэд сурталчлан танилцуулж байв. Тухайлбал,
Японы үндэсний Тайко бөмбөрийн “Индра” хамтлаг болон Японы үндэсний урлагийн тоглолтоо сонирхуулснаас
гадна бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, олон төрлийн хоолны худалдаа
иргэдэд
үйлчилж байлаа. Мөн Япон хэлний сургууль, боловсролын төвүүдтэй танилцах
боломжийг олгожээ. Энэ үеэр
төв талбайд Японы мэргэжлийн үсчид үнэгүй үс засч, тайрах үйлчилгээ үзүүлсэнд
иргэд талархаж байлаа. Япон соёлын наадам хоёр өдөр үргэлжилнэ.