“Чөлөөт хос” дахин үзэгчидтэй “уулзана”
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. УДЭТ-ын уран бүтээлчид Италийн алдарт зохиолч Нобелийн шагналт Дарио Фогийн "Чөлөөт хос" мюзикл инээдмийн жүжгийг энэ сарын 26-нд тайзнаа толилуулна.
Гэр бүлийн
амьдралын ээдрээтэй хэрнээ сонирхолтой өгүүлэмжийг багтаасан уг жүжгийг УГЗ
Ч.Найдандорж найруулсан бол гол дүрд СТА Ц.Баясгалан /Антония эхнэр/,
Э.Тодгэрэл /нөхөр/, Г.Дөлгөөн-Аюуш /профессор нууц амраг/ нар тоглож буй
юм.
Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас
залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр
нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “чөлөөт хос”-ын амьдралыг санал
болгоно.
Антония нөхрийнхөө энэ галзуу саналыг сонсоод солиорох дөхөх хэдий ч нөхөр нь
засрах битгий хэл нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүснэ. Сэтгэлийн
зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ эс мэдэхдээ хий л шаналж, эр
нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд үл багтавч, ийн
доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөх сэтгэлийг төрүүлнэ.
Тэрээр урьдны уйлж унжин нөхрөө гуйсан, үхэх, салахаар айлгасан эхнэр биш, ганцаараа өөрийн эрхээр амьдарч болох аз жаргалыг мэдэрч, эцэстээ хайсан эр
хүнээ ч олно.
Харин энэ бүхнийг харсан эр нөхөр нь эхнэрээ хардан харамлаж, хайр сэтгэлтэй гэдгээ мянга хэлээд тусыг эс олсонд амиа хорлохоор хүртэл оролдож үзэвч бүх зүйл оройтсон байдаг. Энэ бүхний учрыг "Чөлөөт хос" жүжиг танд тайлах болно.
Жүжгийн тасалбар нь 10, 15, 20 мянган төгрөгийн
үнэтэй бөгөөд ticket.mn,1900-1800, УДЭТ-ын Билетийн кассаар борлуулж байна.