ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргийн талаар хохирогчийн ар гэр сэтгүүлчдэд хандав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
dusem11@yahoo.com
2018-09-26 14:39:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны байранд үйлдэгдсэн хүн амины онц ноцтой хэргийн хохирогч болох талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь сэтгүүлчдэд хандав.


Хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх: “Өнөөдөр амь насаа алдсан Т.Гомбосүрэнгийн 49 хоног тохиож байгаа бөгөөд хохирогчийн ар гэрийнхэн Монгол ёс, уламжлалаа дээдлэн энэ өдрийг хүртэл дуугүй байсан юм. Ер нь энэ хэргийг яагаад архитай холбон, зориуд дүйвээнд хутгаад байна гэдгийг бид анхааралтай ажиглах ёстой. Талийгаач архи дарснаас хол даруу төлөв хүн байсныг ар гэрийнхэн, найз нөхөд, хамт ажиллагсад сайн мэднэ. Жинхэнэ төрийн албан хаагч байсныг Төрийн албаны зөвлөлөөс нотолсон ч бий. Би мөр зэрэгцэн ажиллаж явсан хүний хувьд энэ бүгдийг гэрчилнэ. Нотлох баримтуудаар талийгаачийг утсаар дуудаж, албан өрөөнөөс гарсан гэдэг нь баталж байгаа. Бид баримтуудыг Цагдаагийн байгууллагад өгч шалгуулна. Өмгөөлөгчийн хувьд энэ хэрэг ихээхэн хэлмэгдлийн шинж рүү орсон гэдгийг онцолж хэлмээр байна. Сэтгүүлчид та бүхэн ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч нэгнийхээ амь насыг хөнөөжээ гэж мэдээлэх нь буруу ташаа төдийгүй ар гэрийнхэнд нь маш хүнд тусч байна. Иймд ЗТХЯ-ны байранд үйлдэгдсэн хүн амины хэрэг гэж нэрлэн мэдээлж байвал зохилтой. Энэ хэргийг мэдээлэхдээ талийгаачийг хамт архидан согтуурсан мэт ташаа мэдээлэл газар авч байгаад харамсч байна. Энэ хэрэг гарснаас хойш 14 цагийн дараа гэхэд  Цагдаагийн газраас албан тушаалын хэрэг биш гэдгийг тогтоосон гэж мэдээлсэн нь ч хууль бус юм. Харин өнөөдрийг хүртэл хэрэг гарсан талаарх эцсийн мэдээлэл одоо ч гараагүй байна. Хэргийн хувьд, анх Сүхбаатар дүүргийн нэгдүгээр дүүргийн хэлтэст шалгаж эхлээд, яг одоогийн байдлаар ЦЕГ-ын Хүнд гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэс рүү шилжүүлж, тусгай ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм билээ" гэв.

 Аав Р.Төмөрхуяг “Миний хүү Т.Гомбосүрэнг сүүлийн үед Хэвлэл мэдээллийн хэрэгслээр архичин байсан мэт ярьж бичих боллоо. Би өөрөө төрийн албанд 40 орчим жил ажилласан. Манай гэр бүл удмаараа архи дарснаас хол хүмүүжсэн улс. Хэрэг гарах өдөр миний хүүг хамт архи ууж байсан мэтээр мэдээлж буйд эцэг хүний хувьд харамсч байна" гэлээ.

Авга ах Р.Ганхуяг “Өнгөрсөн 49 хоногт бидэнд маш хүнд өдрүүд болж өнгөрлөө. Миний бие зэвсэгт хүчний салбарт 38 жил ажиллаж, 2012 онд тэтгэвэртээ гарсан хүн. Миний хайртай дүү төрийн яамны үүдэнд, төрийн яамны даргын гарт амиа алдсан. Тухайн өдөр яамны гурван давхрын өрөөнд Б.Махбал нарын хүмүүс өрөөндөө дуудаж, амь насыг нь санаатайгаар хөнөөсөн” гэв.

Тэрбээр, талийгаач Т.Гомбосүрэнгийн гар утасны бичлэгийг сонсгов. Утсанд, хэрэг гарах үед байсан хүн "яасан бэ, хаачсан бэ та" гэхэд, Талийгаач: "Чи хаана байгаа юм бэ? гэж лавлахад, дуудлага хийсэн нөхөр “Би Махбал даргын өрөөнд байна” гэсэн. Талийгаач: “За яваад оръё” гэсэн яриа үлдсэн. Ийнхүү бичлэг сонсгосны дараа тэрбээр "2018 оны 2 дугаар сараас хойш миний дүүгийн ажлыг хууль бусаар булаан авахаар улайран, санаархаж байжээ. Түүнийг хөдөө томилолтоор явж байх хойгуур, дүүгийн минь оронд өөр хүн томилох санал ирүүлж, Ш.Дорждагва гэгчийг томилохоор санал болгож байсан. Гэвч АТГ-аас энэ хүнийг нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, томилоогүй байгаа юм. Аймшигт хэрэг гарсны дараа маргааш өглөө нь дүүгийнхээ өрөөнд ороход компьютер, өрөөний гэрэл асаалттай, түлхүүр нь ширээн дээр тавиастай, бичиг цаас нь ширээн дээрээ дэлгээстэй, пиджакаа сандалд өлгөж орхиод, Махбалын өрөөнд орсон байгаа юм. Миний дүүгийн амь насыг хохироосон хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг холбогдох газрын хүмүүсээс хүсч байна” гэсэн юм.



相关新闻