Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахыг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-19 14:31:32

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа илүү хөгжих боломж нээгдэж, хоёр орны стратегийн харилцааг шинэ шатанд хүргэж байна.


Тодруулбал, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Адмирал Дун Жуний урилгаар 12 дахь удаагийн “Бээжингийн Шяншань форум”-д оролцож байна. Энэ үеэр хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар уулзаж, хамтын ажиллагааныхаа талаар санал солилцлоо.


Сайд Д.Батлут хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, батлан хамгаалах салбарын цэрэг техникийн хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгаа, цаашид өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, хоёр орны төрийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтууд тогтмолжиж, салбарын хамтын ажиллагаа олон чиглэлээр хөгжиж байгааг тодотгов. Мөн манай улсын бүс нутгийн аюулгүй байдал, олон улсын хамтын ажиллагааны талаар мэдээлж, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлдгийг тэмдэглэлээ.



Батлан хамгаалах яамны мэдээлснээр, хоёр талын батлан хамгаалах хамтын ажиллагааны хүрээнд 2005 оны “Хамтын ажиллагааны хэлэлцээр”, 2013 оны “Цэрэг-техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг үнэлж, офицер солилцоо, хамтарсан сургалт, энхийг дэмжих ажиллагаанд хамтран оролцдог. Монголын тал зэвсэглэл техникийн шинэ сорилтод тулгуурлан, шинээр нэвтэрч буй техник, технологийг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх, хамтарсан сургалт, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг санал дэвшүүлжээ.


Энэ үеэр БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Адмирал Дун Жунь хоёр орны цэргийн харилцаа батжиж, стратегийн түншлэлийг шинэ шатанд хөгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв. Тэрбээр хоёр орны түүхэн уламжлалт найрсаг харилцааг өндрөөр үнэлж, хамтын ажиллагааг шинэ салбаруудад өргөжүүлэх, ялангуяа кибер аюулгүй байдал, нисгэгчгүй нисэх технологи, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломжтойг онцоллоо.


Уулзалтын төгсгөлд хоёр тал 2019 онд шийдсэн буцалтгүй тусламжийн хүрээнд олгох 20 сая юанийн үнэ бүхий авто машины тусламжийн протоколд гарын үсэг зурав. 



相关新闻