“Сэтгэл догдлуулсан орой” тоглолтод шинэ болон дурсамж сэргээсэн дуунууд эгшиглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмаагийн “Сэтгэл догдлуулсан орой” тоглолт энэ сарын 28, 29-нд “Corporate Concert Hall”-д болно.
Үзэгч, сонсогчдын сэтгэлд шингэсэн 100 гаруй дуу зохиосон түүний Монголын орчин үеийн хөгжмийн урлагт “анхны” гэх тодотголтой оруулж ирсэн бүтээл олон бий. Тоглолтод түүний зохиосон дурсамж сэргээсэн болон шинэ уран бүтээлүүд эгшиглэхээс гадна продесэрээр ажилласан шавь нар, дуучид, хамтлаг нэгэн тайзнаа цуглах юм. Энэ удаагийн тоглолтын гэнэтийн бэлэг буюу онцлог гэвэл түүний үүсгэн байгуулсан "Киви" хамтлагийн анхны гишүүдээс эхлээд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон ая дуугаар өргөнө. Мөн тоглолтод Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, поп дива С.Наран, МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа, Х.Оюунбилэг, Ардын жүжигчин А.Долгор, "Инээмсэглэл" хамтлаг, Альтернатив Х.Отгоо, хийлч Ч.Дэлгэрцэцэг, дуучин Н.Наранбаатар болон бусад хамтлаг дуучид оролцох юм. Тоглолтыг “On’n Off” продакшн найруулж байна. Тасалбарын үнэ 40, 60 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд Hi-Fi records болон www.ticket.mn худалдаж байна.
Тэрбээр 1994 онд “Намайг Ангирмаа гэдэг”, 1995 онд поп дива нартай хамтарсан “Вавилон мөрний эрэг дээр”, 2000 онд “Ах, дүү ая зохиогч” тоглолтоо толилуулж байв.