Сэлэнгэд жудо бөхийн "Шинэ бадрах" дэвжээ үйл ажиллагаагаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-01 16:07:21

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод зориулалтын стандартын дагуу барьж тохижуулсан жудо бөхийн "Шинэ бадрах" дэвжээ үйл ажиллагаагаа эхлэв.

Хүүхэд багачуудыг спортод сонирхолтой болгох, их спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх, бие бялдарын хөгжлийг хангах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хатуужил суулгах,тив дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргасан, дэлхий олимпид нэрээ дуурсгасан алдартай тамирчин төрүүлэх зорилгоор дээрх дэвжээг байгуулсан гэж Сэлэнгэ аймгийн Жудо бөхийн холбооны Ерөнхийлөгч, аймгийн Жию-Жицү холбооны Ерөнхийлөгч "Шинэ бадрах" дэвжээг үүсгэн байгуулагч, спортын зүтгэлтэн Д.Бадрах хэллээ. "Шинэ бадрах" дэвжээний нээлтэд зориулан Монголын жудогийн академитай хамтран халз барилдааныг зохион байгуулахад нийт долоон хос  17 өсвөрийн жудоч хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж 6х1 харьцаагаар Шинэ бадрах дэвжээний жудочид тэргүүлжээ.

Шинэ дэвжээний нээлтийн арга хэмжээ есдүгээр сарын 29-нд болсон бөгөөд урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга З.Энхболд, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг дарга Ш.Оргил, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга, спортын бүрэн дунд сургуулийн захирал Н.Наранбаатар,  ерөнхий  боловсролын II бүрэн дунд сургуулийн захирал С.Энхтайван, Жудо бөхийн холбооны Ерөнхийлөгч, Жию-Жицү бөхийн холбооны Ерөнхийлөгч болон Улаанбаатар Жудо академи, Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд оролцов.

Мөн "Шинэ бадрах" дэвжээний жудо бөхөөр хичээллэдэг нийт 67 хүүхэд хүндэт зочдод өөрсдийн үзүүлбэрийг толилуулав.

Ч.Отгонцэцэг

相关新闻