“Gala opening” тоглолтод УДБЭТ-ын шилдэг бүтээлүүдээр үзэгчдэд бэлэг барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын хамт олон түүхт 68 жилийн ой, 56 дахь тоглолтын улирлаа энэ амралтын өдөр буюу ням гарагт дэлхийн болон Монголын уран бүтээлийн дээжсээс бүрдсэн “Gala opening” сонгодог тоглолтоор нээх болсон талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэв.
Тус театрын найруулагч Г.Эрдэнэбаатар хэлэхдээ, “Манай театр хагас зуун жилийн туршид урын сандаа нийт 50 гаруй уран бүтээлтэй. Монголдоо цорын ганц театр учраас энэ жилийн тоглолтдоо хүүхэд залууст зориулсан уран бүтээл болон арга хэмжээг толилуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ удаагийн “Gala opening” нэрийн хувьд олон улсын жишгийг дагаж нэрлэлээ. Тоглолтоос үзэгчид манай театрын урын санд ямар бүтээл буйтай танилцах боломжтой. Уран бүтээлчид жижиг хэсэгт ч гэсэн хэрхэн ур чадвараа гаргаж байгааг харуулна. Өмнө нь улирлын тоглолтын нээлтээ “Учиртай гурван толгой” дууриар хийдэг байсан бол 1990-ээд оноос хойш гранд бүтээлүүдээр нээдэг болсон. Энэхүү сонгодог гала тоглолтод театрын урын сангийн шилдэг бүтээлүүдээр цомирлог болгон оруулж байна” хэмээн тодотгов.
Тус театрын уран бүтээлчид дэлхийн шилдэг дуурийн нэг Ж.Бизе “Кармен” дуурийг энэ сарын 13-нд, Дэлхийн балетын ноён оргил П.И Чайковскийн “Хунт нуур” балетыг 14-нд тоглож нээлтийн цуврал болгон үргэлжлүүлэх юм. Улирлын нээлтийн үеэр УДБЭТ-аас төрөн гарсан үе үеийн уран бүтээлчид болон бүтээлүүдийн тухай түүхэн үзэсгэлэнг гаргах аж.
Түүнчлэн дэлхийн сонгодог дуурь А.Бородин “Игорь ван”, Л.Минкус “Баядера” балет, хүүхдэд зориулсан шинэ бүтээл Д.Эрдэнэбаатар “Баавгай дуулах уу” дуурь, “Ай ёо доктор” балет зэрэг уран бүтээлийг шинээр болон сэргээн тоглохоор төлөвлөжээ.