БНХАУ-ын нүүрсний хэрэглээ 2 жил дараалан буурлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /AFP/. Агаарын бохирдолтойгоо тэмцэх арга хэмжээ авч байгаа болон эдийн засгийн өсөлт нь буурсантай холбоотойгоор БНХАУ-ын нүүрсний хэрэглээ хоёр жил дараалан буурсныг тус улсын Засгийн газрын мэдээлэлд харуулжээ.
Тус улсын 2015 оны нүүрсний хэрэглээг 2014 оныхтой харьцуулахад 3.7 хувиар буурсан байна гэж БНХАУ-ын Үндэсний статистикийн хороо мэдэгдэв. Харин 2014 онд нүүрсний хэрэглээ өмнөх оныхоос 2.9 хувиар буурсан байна.
Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ хямд, бохир нүүрс их хэмжээгээр түлдэг. Эдийн засгийн өсөлт нь буурсан энэ үед байгаль орчин, олон нийтийн эрүүл мэндэд хор учруулж байгаа агаарын бохирдол болон нүүрсний хэрэглээнээсээ салах хүндхэн үетэй БНХАУ нүүр тулаад байна.
БНХАУ-ын нүүрсний хэрэглээ 2014 он хүртэлх 10 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдэж, жилийн хэрэглээ нь дөрвөн тэрбум тонн хүрсэн байна.
Д.Нямтулга