Утааны эсрэг нэгдэхийг уриалж “Ногоон хонх” цохиж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Новотел”
зочид буудалд эхэлсэн “Монголын Экологийн форум-2018” арга хэмжээ “Улаанбаатарын
ус, “Улаанбаатарын агаар”, “Улаанбаатарын хөрс” гэсэн үндсэн гурван сэдвээр, 1.4 сая хүн амьдарч буй нийслэл
хотын өнөөдрийн болон ойрын тулгамдсан асуудлыг хөндөн чуулж
байна.
Форумд БОАЖЯ болон ХААН банк дэмжин оролцож буй ч Монголын Байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо, Монголын Байгаль орчны иргэний зөвлөл, “Нутгийн шийдэл”, “Утааны эсрэг ээж аавууын холбоо” зэрэг байгаль орчны чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллага ТББ-ууд түлхүү цуглаж экологийн асуудлыг хэлэлцэж байна. “Монгол Мөрөөдөл” клуб уг форумыг санаачилан зохион байгуулснаас ч иргэний нийгмийнхэн илүү идэвхитэй оролцож буйг харж болохоор байв.
Чуулганы нээлт дээр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ, “Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилтыг техник, технологийн дэвшлийг ашиглах, мөн иргэдийн оролцоог идэвхижүүлэх зэрэг үндсэн хэдэн үйл ажиллагаан дээр тулгуурлан тавьж байгаа. Энэ үүднээс утааг бууруулах технологийн шийдлүүдийг нэвтрүүлж буй ААН, компаниудыг юуны түрүү дэмжиж, технологийн шинэ шийдэл, сайжруулсан түлшээр хангах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдэхээр ажиллана. Мөн иргэд та бүхнийг дулааны алдагдлаа бууруулж агаарын бохирдолтой тэмцэхийг хүсч байна. Нэг үеэ бодвол манай нийгэмд иргэдийн оролцоо идэвхижсэн. Бид энэ ажлыг “Ногоон карт” аяны хүрээнд хүүхэд багачуулаас эхлээд байгаа. Одоо иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо тун чухал байна. Ингэж тал талаас ажиллавал хандлагаа өөрчилж, утааны эсрэг хүчээ нэгтгэх бид бүхий уриа ажил хэрэг болно. ААН, байгууллагууд ч нийгмийн хариуцлагаа эко, байгаль орчны чиглэлд түлхүү хандуулах болсон сайшаалтай. Олон байгууллага, компани, ААН-үүд НҮБ-аас тодорхойлсон Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг үйл ажиллагаандаа даган мөрдөхөөр болж НҮБ-ын Даяан дэлхийн гэрээнд нэгдээд байна. Манайд "ХААН", "Ариг", "ХАС" зэрэг арилжааны банкууд агаар, орчны бохирдлыг бууруулах иргэдийн эко хэрэглээг дэмжих “Ногоон зээл”-ийг хэрэгжүүлж эхэлж байна. Тогтвортой санхүүжилт хөтөлбөрийн хүрээнд олон улсын стандартын дагуу байгаль орчны үнэлгээг хангасан хариуцлагатай бизнест хөнгөлөлттэй зээл, санхүүжилт олгож байгаа нь бидэнд утааны эсрэг тэмцэх боломж их гарч байгааг харуулж байна” гэж онцолсон юм.
Чуулганы эхний хуралдаан “Улаанбаатарын ус” сэдвийн салхийг хагалж Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци (МСК)-ийн хооронд байгуулах 2 дахь компакт гэрээний талаар тус гэрээний Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос танилцуулснаар манай улсад МСК-иас 250 сая ам.долларын лимиттэйгээр 2 дахь гэрээг хэрэгжүүлэхээс болсныг Монголын тал харилцан тохиролцсны үндсэнд байгаль орчин буюу агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулахаар болжээ. Энд ус цэвэршүүлэх үйлдвэр барих, үйлдвэрүүдийн усыг цэвэршүүлж дахин ашиглах, ус түгээх цэг, төвүүдийг бүрэн смарт болгох зэрэг төслүүд хэрэгжих юм байна. Монголын тал ярьж байгаад 250 сая ам.долларыг 350 сая ам.доллар болгосон талаар дуулгав.
НҮБ-ын Хөгжлийн
хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Даниела Гашпарикова форум дээр хэлсэн үгэндээ, “Дэлхийн банкны 2013 оны судалгаанаас харахад
жилд агаарын бохирдлоос болж 2400 хүн цагаасаа эрт нас барж байна. Энэ бол хүүхэд
болон насанд хүрэгчид нийлсэн тоо” гэдгийг тэмдэглэж байв.
Форумыг
зохион байгуулагч “Монгол Мөрөөдөл” клубын гишүүдийн хэлснээр, энэ удаагийн
арга хэмжээг зөвхөн байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудаас
гадна иргэд, иргэний хөдөлгөөнийнхнийг бодлого боловсруулагч төрийн
байгууллагынхан, шийдвэр гаргагчдын хамт олон нийтийн дунд “Ногоон хонх” цохиж
агаар, орчны бохирдлын эсрэг буюу утааны эсрэг бүгдээр тэмцэхэд уриалан дуудаж
байгаа юм гэж байв.
Б.Болд
Гэрэл зургийг Б.Чадраабал