Сэлэнгэ, Хөвсгөл аймагт гарсан 10 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ойн 10 түймэртэй байгаагаас 3 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналтад авч ажиллаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Үүнд, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1, Хүдэр суманд 2 буюу нийт ойн гурван түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, мөн аймгийн Хүдэр суманд 1, Ерөө суманд 2, Мандал суманд 2, Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 1, Улаан-Уул суманд 1 буюу нийт ойн 7 түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.
Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 361 алба хаагч, 22 авто машин, мэргэжлийн ангийн 117 хүн, 10 авто машин нийт 478 хүн, 1 нисдэг тэрэг 32 авто машин, 34 морьтой үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Он гарсаар 14
аймгийн 72 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 213 удаагийн ой, хээрийн гал түймэр
бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 57 хувиар өссөн үзүүлэлттэй
байна.