Говийн бүсийнхэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр зөвлөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт ажиллагаа” сэдэвт говийн бүсийн зөвлөгөөн Өмнөговь аймагт боллоо.
Зөвлөгөөнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад тулгамдаж буй асуудал, орон нутагт гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцсэн юм.
Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ийн хүн амын сангаас уг зөвлөгөөнийг зохион байгуулсан байна.
Зөвлөгөөнөөд Өвөрхангай, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн сумын засаг дарга нар, цагдаагийн алба хаагч, ГБХЗХГ-ын мэргэжилтэн, ЭМГ-ын ажилтан, БСУГ-ын мэргэжилтэн нийт 85 хүн оролцлоо.
Уг говийн бүсийн зөвлөгөөнөөр хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах, хамтарсан багийн гишүүдийн ур чадвар, мэдлэг мэдээллийг сайжруулах, сайн туршлагаа солилцон гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бататгах чиглэлээр ярилцсан юм.НҮБ-ын хүн амын сангийн дэмжлэгээр 2018-2019 онд улс орны хэмжээнд нийт 11 хохирогчийг хамгаалах, нэг цэгийн үйлчилгээний төвийг долоон аймаг, гурван дүүрэгт байгуулах бөгөөд нэг нь Өмнөговь аймагт байгуулах аж. Мөн түр хамгаалах таван байрыг шинээр байгуулах бөгөөд 2020 он гэхэд 21 аймагт хохирогчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрыг байгуулах аж.
Д.Мишигсүрэн