Хүний өвчлөл, нас баралтын 70 гаруй хувь нь амьдралын хэв маягтай холбоотой өвчин эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Халдварт бус өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөрийн 4 зорилтын хүрээнд 33 үйл ажиллагаа, аймгийн Засаг даргын 2018 оны А/309 дүгээр захирамжаар батлагдсан “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Архангай аймагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хүрээнд “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагаанд боловсролын байгууллагын үүрэг, оролцоо, эрүүл мэндийн хичээлийн чанар, үр дүнг сайжруулах нь” сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр аймгийн ЗДТГ, БСУГ, ЭМГ хамтран зохион байгууллаа.
Аймгийн тухайд 5-19 насны хүүхдийн бүртгэгдсэн өвчлөлийн 1 дүгээрт амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөл, 2 дугаарт хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл, 3 дугаарт цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны өвчлөл, 4 дүгээрт бөөр, шээсний замын эрхтэн тогтолцооны өвчлөл, 5 дугаарт мэдрэлийн эрхтэн тогтолцооны өвчлөл, шүд цооролт зэрэг өвчлөлүүд ордог байна. Мөн нийт хүн амын өвчлөл, нас баралтын 70 гаруй хувийг хувь хүний амьдралын хэв маягтай холбоотой үүсэх халдварт бус өвчнүүд эзэлж байгаа ажээ. Иймд хүүхдэд багаас нь эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлж, ирээдүйд хувь хүний амьдралын буруу дадал хэвшлээс шалтгаалан үүсэх өвчлөл, нас баралтыг бууруулан, иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, дундаж наслалтыг уртасгахад ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлийн чанар, үр дүнг сайжруулах хэрэгцээ, шаардлага байна гэж үзэн энэхүү сургалтыг явуулсан юм.
Хэлэлцүүлгийн төгсгөлд зөвлөмж гарсан бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлийн чанар, үр дүнг нэмэгдүүлэх, сургуулийн орчны эрүүл ахуйг сайжруулах, сурагчдын өвчлөлийн эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэлтийг чанаржуулах чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн хичээлийн багш, сургуулийн эмч, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэг дээшлэн сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулахад дэмжлэг болно гэж үзэж байгаа юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын
тодорхойлсноор хувь хүний эрүүл мэндийн 55-70 хувь нь хүний амьдралын хэв
маягаас, 10 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээнээс, 10-20 хувь нь удамшлаас,
15 хувь нь гадаад орчноос шалтгаалж байна гэж үздэг байна.