Аймгийн төрийн албаны удирдах ажилтны зөвлөлгөөнийг жил бүр хийж байхаар болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Төрийн албаны удирдах ажилтны зөвлөлгөөн өнөөдөр болж, зөвлөмж гаргалаа. Зөвлөлгөөнд төрийн бүх байгууллагын дарга, захирал, эрхлэгч болон байгууллага доторх хэлтэс, албаны удирдлагууд гээд 280 гаруй хүн хамруулсан юм.
Зөвлөлгөөний эхэнд ТАЗ-ийн ОНУЗ-ын газрын дарга М.Зоригтбаатар хэлэхдээ, “Архангай аймаг уул уурхайн нөхөн сэргээлт болон төсөв, санхүүгийн
зарцуулалт, ил тод байдал буюу шилэн дансны хөтлөлт, тайлан илгээлт зэрэгт
анхаарч ажиллах”-ыг тэмдэглэн хэллээ.
Зөвлөлгөөний төгсгөл хэсэг асуулт хариултаар үргэлжилж төрийн албан хаагчдын мэргэшлийн сургалтын давтамж, төрийн үйлчилгээний анхан шатны нэгж болох багийн ИНХ-ын дарга, Засаг дарга, болон зарим албан хаагчдын сонгон шалгаруулалтад доголдол байгааг, аймгийн хэмжээнд төрийн албаны ажлыг хэрхэн сайжруулж, үнэлгээ дүгнэлтийг хэрхэн өсгөх, цалингийн шатлал, томилолтын зардлыг өсгөж болох эсэх, ТАХ-ын үнэлэмжийг нэмэгдүүлэх, мөн барьцаагүй зээл авч болдог гадны сайн туршлагуудыг нэвтрүүлж болох эсэх зэрэг олон асуулт, саналыг гаргаж байлаа.
Ирэх 2019 оноос Засгийн газар, яам, тамгын газраас хугацаа давхардсан юмуу ойролцоо болох сургалт зөвлөлгөөнүүдийг нэгтгэж, орон нутгийнхныг олон дахин дуудахгүй байхаар зохицуулах ажлыг хийж байгаа аж. Мөн Үндсэн хуулийн шинэчлэлээр багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарыг сонгох, дээд боловсролтой байх талын асуудлууд шийдэгдэнэ хэмээн аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хэлэв.
Архангай аймгийн хэмжээнд нийт 159 төрийн байгууллагад 5000 гаруй хүн ажиллаж байна. Бүтцээр нь авч үзвэл төрийн үйлчилгээний буюу боловсрол, соёл, эрүүл мэндийн байгууллагад 4000 гаруй, төрийн захиргааны болон төрийн тусгай албанд үлдсэн албан хаагчид ажиллаж байна. Аймгийн Засаг даргын зүгээс энэ удаагийн зөвлөлгөөний мэдээллүүдийг сум, агентлаг, байгууллагууд бүх ажилчиддаа хүргэж, нэгдсэн нэг ойлголттой болгох үүргийг бүх удирдлагуудад өгч, зөвлөлгөөнийг жил бүр хийхээр болж, зөвлөмжөө мөрдөж ажиллахыг уриалсан юм.
Зөвлөлгөөний үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын
улсын байцаагч Б.Бямбасүрэн "Төрийн албаны тэргүүний ажилтан" цол
тэмдгээр шагнууллаа.