Т.Жамъянсүрэнгийн “Мөнх тэнгэрийн бичиг” типографын бүтээл шилдгээр шалгарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой-Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болж буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Уран зургийн галерейд болов.
2011 оноос 7 дахь жилдээ зохион байгуулж
буй тус үзэсгэлэн энэ жил насанд
хүрэгчдийн болон сурагчдын бүтээлийн олон улсын үзэсгэлэн хэлбэрээр олны
хүртээл болж байна. Энэхүү монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн насанд хүрэгчдийн ангилалд Монгол Улсаас 22, ОХУ-ын Буриадаас 3, Халимагаас 2, ӨМӨЗО-оос 20, Франц улсаас 1, нийт 48 уран бүтээлчийн бүтээлийг дэлгэжээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн шашин соёлын зөвлөх Ц.Хулан, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Монгол Улсын Ардын багш Ц.Өнөрбаян, Ардын уран зохиолч Т.Галсан болон ШУА, МУИС, МУБИС-ийн эрдэмтэн багш нар, хэл, түүх, соёлын салбарын судлаачид, зохиолчид, оюутан, сурагчдын төлөөлөл оролцов.
Ерөнхийлөгч Х.Баттулга шилдэг болон тусгай
байрын шагналыг гардуулсан юм. Тэрбээр хэлэхдээ, “Монголчууд Хүннү гүрнээс хойших
бүхий л түүхийнхээ туршид 10 гаруй бичиг үсэг хэрэглэж ирсний дотроос хамгийн
урт удаан хэрэглэж, хөгжүүлж байгаа бичиг нь Монгол бичиг юм. Хэдийгээр эртний
согд бичгээс эх авч зохиосон ч энэ бол бүрэн монголжсон, монгол ахуй, сэтгэлгээг
нэвт шингээсэн монгол соёл мөн. Монгол бичгийн элементүүдийг мал амьтны бие
эрхтний нэрсээр-шүд, гэдэс, нуруу, сүүл, эвэр, шилбэ гэх мэтээр нэрлэдэг нь
малч монгол ахуй, уламжлалтай шууд холбоотойг хэн ч үгүйсгэж чадахгүй билээ.
Монгол бичиг нь хөгжлийн явцад 1204 оноос худам монгол, 1648 оноос тод монгол
гэсэн хоёр хэлбэрийг үүсгэсэн байдаг. Өнөөгийн бид бол худам монгол бичгийн өв
уламжлал, соёлыг үргэлжлүүлэн дэвжээж яваа юм. Монгол бичгийг орчин цагийн
хэрэглээнд идэвхтэй байлгахын тулд миний бие 2018 оны 5 дугаар сарын 03-ний
өдөр “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг гаргасан. Энэхүү
зарлигт монгол бичгийн цахим кодын асуудлыг шуурхай шийдвэрлэж батлуулах,
Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийг боловсруулан
хэрэгжүүлэх, элсэлтийн шалгалтад босго оноо тогтоох, монгол бичгийн улсын
сорилгыг албан ёсоор зохион байгуулах зэрэг асуудлаар зарим байгууллагуудад
үүрэг чиглэл өгч, олон нийтэд уриалсан билээ. Монгол үндэстний ижилсэл,
ялгарал, уг мөн чанар нь өв уламжлал, хэл соёлдоо л буй. Тиймээс түүх соёлоо үеэс
үед дамжуулах үндсэн хэрэгсэл, тээгч болсон үндэсний хэл бичгээ судлах,
дэлгэрүүлэн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах нь монгол хүн бүрийн
үүрэг байх ёстой. Мөнх тэнгэрийн хүчин дор, монгол түмний далай их сэтгэл,
эрдэм ухааны шимээр Үндэсний бичиг маань өнөд мөнхөд орших болтугай” гэв.
“Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдэг бүтээлийн шагналыг Монгол Улсаас оролцсон уран бүтээлч, калиграфийн их мастер Т.Жамъянсүрэнгийн “Мөнх тэнгэрийн бичиг” типографын бүтээлд хүртээж, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулав. Түүний энэхүү бүтээл нь 6 дахь жилдээ энэхүү үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг болж байгаа юм. Типографын урлаг, урлахуйн ухааны гайхамшиг шингэсэн, сүр хүчин төгөлдөр, энэ бэлгэ тэмдэгт бүтээл ийнхүү олон улсын үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагнал хүртлээ.
Калиграфийн их мастер Т.Жамъянсүрэн хэлэхдээ, “2012 онд “Мөнх тэнгэрийн бичиг” гэдэг энэхүү логог санаачилж бүтээхдээ монгол бичгийн үсгийн урлагийн сүүлийн 800 жилийн гоо зүйн өөрчлөлт, онцлогийг тусгаж харуулсан. Түүнээс хойш 6 жил хэрэглэж байна. Үсгийн урлагийн олон төрөл бий. Хэрэглээ зориулалтаасаа янз бүр байдаг. Нүдээр хүртэж харагддаг урлаг учраас зураас, орон зай, хуваарилалт, зураасны хатуу чанга, уян зөөлөн байдал, түүний харилцаа холбоо бүгд хүний нүдэнд харагдах байдлаасаа эхэлнэ. Хамгийн гол нь гоо зүй. Үсгийн өөрийн хэлбэр дүрс байна. Зарим үг бичигдэхгүй, харагдахгүй байж болно. Тиймээс хамгийн эхлээд үг, үгийн бүтцэд дүрсийн элементийг тэнцүү анхаарч ажилладаг, нэг дүрсийг давтахгүй байхад анхаардаг. “Мөнх тэнгэрийн бичиг” лого бол монограм төрөл. Монограм төрөл нь салангид бус, нэгдмэл байх ёстой. Монгол бичгийн түүхэнд байсан гоо зүйн олон онцлогийг тусгаж оруулсан” гэв.
Тусгай
шагналыг ӨМӨЗО-оос оролцсон С.Цэнгэл монгол бичиг, тод, вагиндра үсэг гэсэн
монголчуудын түүхэндээ зохион хэрэглэж ирсэн гурван бичиг үсгээр туурвисан “Билиг
барамид” бүтээлээрээ хүртлээ.
Тэрбээр хэлэхдээ, “Би энэ үзэсгэлэнд гурав дахь жилдээ оролцож байна. Хүмүүс Монгол бичгийг кирилл бичигтэй харьцуулж үзэж байгаа нь монгол бичгийг сурахад саад болж байна. Түүнээс биш цэвэр монгол сэтгэхүйгээр монгол бичгийг сурвал тун амархан, хэдхэн хоногийн дотор сурч чадна. Кирилл бичгээс онол нь өөр болохоор хүмүүс төдийлөн сайн сурч чадахгүй байна. Монгол бичгийг илүү сайн сурахын тулд маш их дасгал хийх хэрэгтэй” хэмээв.
Энэ
үеэр ӨМӨЗО-ы Алшаа аймгаас хүрэлцэн ирсэн Борхүү тэргүүтэй уран бүтээлчид
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад “Монголын нууц товчоо”-г монгол уран
бичлэгээр 49 хуйлбар дээр бүрэн бичсэн, агар зандан авдартай эхийг гардуулсан
юм.
Энэхүү үзэсгэлэнг энэ сарын 09-нийг хүртэл үнэ төлбөргүй үзүүлнэ.