“Эрүүл шүд аян” амжилттай хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ “Дезерет” олон улсын энэрлийн байгууллагын хамтын ажиллагааны дагуу шүдний эмч Н.Клайд 10 дугаар сарын 25-наас 10 хоногийн хугацаатай Дорноговь аймагт ажиллахдаа Сайншанд сумын есдүгээр цэцэрлэгийн 93 хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, 243 хүүхдэд түрхлэг түрхэж, 220 эцэг эхчүүдэд зөвлөгөө өгчээ.
Мөн Замын-Үүд сумын цэцэрлэгийн насны 956 хүүхэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаас 102 хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, 200 эцэг эх, багш нарыг амны хөндийн эрүүл ахуй, шүд угаах, сургалтад хамруулсан аж.
Дорноговь аймгийн ЗДТГ-аас амны хөндийн эрүүл ахуйн талаарх ойлголт, мэдлэг дадлыг олон нийтэд сурталчлах, эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл түгээх, төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын түншлэл, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд 2017-2021 онд “Эрүүл шүд аян”-ыг зарлаад байгаа юм.
Үүнээс гадна аймгийн Эрүүл
мэндийн газрын Амны хөндийн эрүүл ахуйн кабинет 70 удаагийн сургалтаар Сайншанд
сумын нийт 11 цэцэрлэг, гурван сургуулийн 1349 хүүхэд, 156 эцэг эхчүүдийг
хамруулж, Сайншанд сумын зургаан цэцэрлэгийн ахлах, бэлтгэл, дунд, бага, ясли
бүлгийн 503 хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, зөвлөгөө мэдээллээр хангасан. Энэ ажил нь “Эрүүл шүд” аяны хүрээнд хийж байгаа томоохон ажил хэмээн ЭМГ-аас мэдээлэв.