Нойтон борлог цас мал, малчдад хүндрэл учруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-04 15:50:00

Урьд шөнө эхэлсэн цасан шуурга өглөөгүүр шороотой холилдон нойтон борлог болон шуурч байгаа нь мал, малчдад ихээхэн бэрхшээл учруулж байгааг малчны хотноос мэдээллээ.

Дундговь аймгийн урд хэсэг Өлзийт сумын малчидтай утсаар холбогдсон юм. Малчин Ц. Хүүхэнхүү сумынхаа урд хэсгээр оторлож байгаад хэдхэн хоногийн өмнө ус бараадан нутаг сэлгэж, айлын хашаа хороонд түр буугаад байгаа гэлээ. Тэрээр хэлэхдээ, “Мал ид төллөж байна. Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг зурагтаар сонссон. Манай буусан хороо урдуураа хашаагүй тул малаа уруудахаас болгоомжилж урьд шөнө эхнэртэйгээ малаа манаж хонолоо. Шөнө дунд хүчтэй салхи эхэлж, цасаар шуурч байснаа өглөө 6 цагийн үеэс эхлэн борлог болоод байна. Нойтон борлог цас газарт унахгүй шахам хүчтэй шуурч, орчин тойрон харагдахгүй битүүрч байна. Борлог цас малд их халтай байдаг. Малын нүүр нүд, чих хамар,үс ноосонд чигжиж, мал нэлээд тамирдуулах шинжтэй боллоо. Одоо ч бид гэртээ орж чадаагүй малаа манаатай, хурга, ишигээ гэртээ оруулж хашсан байдалтай байна” гэв.

Мөн Өлзийтийн урд хэсгээр оторлож яваад нутагтаа малаа төллүүлэхээр нүүж яваа малчин н. Өлзийтуяатай утсаар холбогдоход, шуурганаас өрсөн өчигдөр айлын бууц бараадан буугаад байна гэлээ. “Нутагтаа хүрэхэд 70 км дутуу. Малаа уруудахаас сэргийлж хашсан. Хашаанд багтаагүйг нь нөмөрт нь хоргоож манаж байгаа. Өнөөдөртөө шуурга өнгөрвөл ажрахгүй болов уу гэж бодож байна. Хамгийн хэцүү нь нойтон борлог мал нэлээд тамирдуулахаар байна” гэв.

Т. Отгонтуяа

 

相关新闻