Сэлэнгэ аймгийн хувьд 214-ын даваа бүрэн хаагдаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-04 16:29:49

Сэлэнгэ аймгийн тухайд өнөөдрийн цаг агаарын нөхцөл байдал гайгүй байгаа учраас аймгийн төв Сүхбаатар сумын сургууль, цэцэрлэгүүд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна.

Өчигдөр орой 21 цагаас эхлэн Сэлэнгэ аймгийн нутгаар шуурч эхэлсэн байгаа. Үүнтэй холбогдуулан Зам тээврийн сайдын тушаалыг үндэслэн цаг агаарын нөхцөл байдал сайжиртал Сэлэнгэ аймгаас гадагш чиглэх тээврийн бүх хэрэгслийн хөдөлгөөнийг хаагаад байгаа юм. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Аргангат, Ерөөгийн даваануудын хувьд хаагдаж боогдсон зүйл гараагүй хэвийн байна. Харин Баруунхараагаас цааш Улаанбаатар чиглэлийн 124-ын даваагийн зам сөрөг урсгалын чиглэлд бүрэн хаагджээ. Энд аймгийн АЗЗА-гаас 7 техник, 20 гаруй хүн, аймгийн ОБГ, Цагдаагийн газраас ажиллаж байна.

Өчигдөр орой 21 цаг 30 минутын үед 214-ын даваан дээр нэг жижиг тэрэг явж чадахгүй байдлаас зогссон дуудлага иржээ. Уг машины хамар давсан цас татах аргагүй байдалд байгаа учраас хүмүүсийг нь зөөж Баруунхаад хүргэсэн байна. Одоогоор машиныг татах ямарч аргагүй байгаа ажээ. Мөн шуурганы улмаас Сэлэнгэ аймгийн тухайд Сайхан сумын нутаг буюу Номгон тосгоны замд нэг машин шатаж, 214-ын даваанд нэг жижиг тэрэг цасанд сууснаас өөр дуудлага ирээгүй гэлээ. Сумдын тухайд нөхцөл байдал арай гайгүй байгаа учраас Алтанбулаг чиглэлийн Цагдаагийн постоо буулгасан байна. 124-ын даваан дээр боогдсон цасыг нээх нэмэгдэл хүч ажиллуулахаар Баянчандмань сумын АЗЗА-г дуудсан хэмээн аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Г.Баатар мэдээллээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг 

相关新闻