Шинэ санаа, шилдэг технологи шалгаруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон “Стартап Терминал” ХХК, “Үндэсний стартап фанд” ХХК хамтран “Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах хакатон уралдааныг зохион байгуулахаар боллоо.
Нийслэлийн нийт хүн амын тоо 2017
оны байдлаар 1.417.396 бөгөөд үүнээс 15-34 насны 477.249 иргэн байгаа нь
нийслэл хотод оршин суугаа хүн амын 33.6 хувийг эзэлж байна. Иймээс хотын соёл,
хөгжил, тохижилтод залуучуудын идэвх, сайн дурын оролцоог нэмэгдүүлэх,
залуучууд манлайлсан ухаалаг хот болоход тэдний хувь нэмрийг татан оролцуулах, хэрэгжүүлж болохуйц шинэ санаа,
шинэлэг шийдлийг дэмжих, бүтээлч хандлагад уриалах, сэдэлжүүлэх, нийслэлд
тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор уралдааныг зохион байгуулах юм.
Нийслэлийн Залуучуудын
хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Тус уралдаан нь Нийслэл Улаанбаатар хотод
тулгамдаж буй, ирээдүйд тулгамдаж болзошгүй асуудлуудыг шийдвэрлэхэд
залуучуудын ур ухаан, авьяас чадвараа уралдуулан бүтээсэн шилдэг шийдэл,
төслүүдийг шалгаруулан залуучуудад боломж нээж өгч байгаа юм. Мөн төслүүдийг
цаашид ажил хэрэг болгон хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахад дэмжлэг
үзүүлэх болно. Хамгийн чухал нь “Ухаалаг Улаанбаатар” хотыг хөгжүүлэхэд залуучуудын
оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чиглэж байна” хэмээн тодотгов.
Гурван үе шаттай уралдаан нь оюутан
сурагчид, стартап багууд болон оролцох хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй. Гагцхүү багийн
гишүүд тэмцээн эхлэхээс дуусах хүртэл тэмцээний талбар дээр байх шаардлагатай
аж.
Уралдааны нэгдүгээр байр 3 сая, хоёрдугаар байр 2 сая, гуравдугаар байр 1 сая төгрөгийн шагналтай бөгөөд “Стартап терминал” ХХК-иас 21 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний өртөгтэй дундын оффис, орчин нөхцлөөр хангана. Мөн шилдгээр шалгарсан багийн төслийг зах зээлийн шаардлага хангаж байгаа тохиолдолд “Үндэсний Стартап фанд” ХХК 50 сая хүртэлх төгрөгийн санхүүжилт олгох юм. Уралдаан нь олон улсын зарчмаар хоёр хоног буюу 48 цагт шаардлага хангасан багууд төслийн илтгэлээ танилцуулан шүүгчид цаашид хэрэгжих боломжтой төслийг шалгаруулан ялагчийг тодруулна.
Баг тус бүр 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх
бөгөөд тулгамдаж буй асуудалд шийдэл боловсруулан бизнес төлөвлөгөө гаргаж,
төслөө танилцуулах ба тавигдах шаардлагын дагуу төслөө бэлэн болгох юм.
"Хакатон" гэж юу вэ? Хакатон нь тодорхой өгөгдсөн сэдвийн хүрээнд
төрөл бүрийн мэргэжил, чадвартай хүмүүсээр үр дүнтэй багийг бүрдүүлэн, богино
хугацаанд шинэ санааг хөгжүүлж, асуудлыг оновчтой, бүтээлчээр шийдвэрлэх нэг
төрлийн уралдаант үйл ажиллагаа юм.