ITEC хөтөлбөр Монгол Улсын 1294 иргэнд үр ашгаа өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-11-29 12:06:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн ЭСЯ-наас “ITEC day” буюу Энэтхэгийн Техник эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн өдрийг энэ сарын 28-нд “Блю скай” зочид буудалд тэмдэглэн өнгөрүүллээ.

ITEC хөтөлбөр төгсөгчдийн энэхүү уулзалтад Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр, Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажав, Бэтүб хийдийн хамба лам Д.Дашдэмбэрэл, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга А.Гансүх, ОБЕГ-ын дарга, хошууч, генерал Т.Бадрал, МУГЖ Т.Ариунаа нарын хүндэт зочид оролцов.


Уулзалтыг нээж БНЭУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч О.П.Мийна хэлэхдээ, “Монгол Улс нь БНЭУ-ын Энэтхэгийн Техник эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн гол түнш орнуудын нэг хэмээн бахархалтайгаар мэдэгдэхэд таатай байна. БНЭУ-ын Засгийн газар жил бүр энэхүү хөтөлбөрийн хүрээнд 150 квотыг олгодог бөгөөд 15 квотыг батлан хамгаалах салбарт, БНЭУ-ын соёлын харилцааны зөвлөлийн хөтөлбөрт 50 квот тус тус олгож байна. БНЭУ-ын Засгийн газар нь цаашид Монгол Улсын хүний нөөцийн хөгжлийг үргэлжлүүлэн дэмжиж, тусгай хөтөлбөрүүдэд хамруулсаар байх болно. Төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд Монгол Улсын Засгийн газарт Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зориулж БНЭУ-ын Засгийн газраас 1 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээл олгож буйг дурдахад таатай байна. Техник эдийн засгийн үндэслэлийг Энэтхэгийн мэргэжилтнүүд хийж дууссан бөгөөд  Монгол Улсын Засгийн газарт өргөн бариад байгаа болно. Газрын Тос боловсруулах үйлдвэрийн үндсэн барилгын ажил тун удахгүй эхлэх юм. Мөн БНЭУ-ын Засгийн газар 20 сая ам.доллараар Атал Бихари Важпаеээгийн нэрэмжит Мэдээллийн технологи, Аутсорсингийн төвийг барихаар шийдээд байна. Бид төслийн барилгын ажил дээр Монгол Улсын БСШУСЯ-тай хамтарч ажиллаж байна. Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 2016-2017 онд зуданд нэрвэгдсэн Сүхбаатар аймгийн малчдын хүүхдүүдэд  тусалж чадсандаа таатай байна. Түүнчлэн энэ оны 7 дугаар сард Баян-Өлгий, Хөвсгөл, Архангай аймагт болсон үерийн гамшигт нэрвэгдсэн Монгол ахан дүүсдээ тусалсандаа баяртай байна. Өнөөдөр хоёр орны хамтын ажиллагаа болон бидний ололт амжилтыг талархан тэмдэглэж, мөн энэхүү хөтөлбөрийн төгсөгчид та бүхэнтэйгээ дахин уулзаж буйдаа баяртай байна" гэв.

ITEC нь хоёр талт хөтөлбөр ба хэрэгцээнд тулгуурласан хөтөлбөр юм. Хөгжиж буй орнуудын хэрэгцээг хоёр талын технологи шинэчлэлийн дэвшлийн хамтын ажиллагаагаар дамжуулан хангахад анхаарч ажилладаг. Сүүлийн жилүүдэд ITEC хөтөлбөр нь бүс нутгийн шинж чанартай болон өргөжиж олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байгаа юм. Тус хөтөлбөрийг Энэтхэгийн Засгийн газар бүрэн санхүүжүүлдэг. Ази, Африк, Зүүн Европ, Латин Америк, Кариб болон жижиг арал улс орнуудаас нийтдээ 161 орноос Энэтхэгийн тусгаар тогтносноос хойш 60 жил хуримтлуулсан хөгжлийн туршлага судлахаар уригддаг байна.


ITEC хөтөлбөрийн хүрээнд төрийн ба батлан хамгаалах салбарын боловсон хүчнийг болон төслийн ажилтнуудыг техник эдийн засгийн тооцоо хийх болон зөвлөх үйлчилгээ, туршлага судлах аялал, тоног төхөөрөмж хандивлах, Энэтхэг мэргэжилтнүүдийг түнш улс уруу явуулах, гамшгийн тусламж үзүүлэх чиглэлээр сургалтад хамруулдаг.

2007 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш Монгол Улсын 1294 иргэнд энэхүү хөтөлбөр нь үр ашгаа өгөөд байна. Монголын Улсаас хөтөлбөрт хамарсан иргэд зөвхөн Англи хэлний мэргэжлийн сургалтаас гадна мэдээллийн өгөгдлийн дүн шинжилгээ хийх, сонгуулийн менежмент, иогийн сургалт, шинжлэх ухаан технологийн инновацийн бодлогын сургалт зэрэг сургалтад хамарчээ. Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу энэ жилээс эхлэн БНЭУ-ын Засгийн Газар Монгол Улсын төрийн 12 өндөр албан тушаалтан, Төрийн нарийн бичгийн дарга нар болон 18 Онцгой байдлын албан хаагч нарт зориулан тусгай сургалт зохион байгуулжээ. Мөн аймгуудын Засаг дарга нарт зориулсан тусгай хөтөлбөр, сэтгүүлчдэд зориулсан танилцах аялал бэлтгэл шатандаа явж байгаа аж.

 

相关新闻