Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдыг мөнгөн шагналаар урамшуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/.БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн тушаалаар энэ жилээс эхлэн Олон улсын олимпиадад оролцож, амжилт үзүүлсэн сурагчдыг мөнгөн шагналаар урамшуулахаар болсон. Энэхүү тушаалын дагуу өнөөдөр Олон улсын олимпиадад өндөр амжилт гаргасан сурагчид урамшуулал, батламжаа гардан авлаа.
Батламжийг БСШУС-ын сайдын зөвлөх Б.Ганбат, БСШУСЯ-ны
Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, мэргэжилтэн Ц.Чимэдлхам
нар гардуулан өгөв.
Өмнө нь Олон улсын олимпиадад өндөр амжилт гаргасан
суралцагчдыг зарим жилд тэдний хүссэн их, дээд сургуульд шалгалтгүй элсүүлдэг
байсан бол энэ жил Олон улсын Мэдээлэл зүй, Хими, Биологи, Математик, Физикийн
олимпиадад түүхэн амжилт гаргасан сурагчид, ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээнд
түрүүлж, Дэлхийн аварга болсон сурагчдыг нийт 34 сая төгрөгөөр шагнаж
урамшууллаа.
Монгол Улсын ЕБС-ийн сурагчид Олон улсын математикийн олимпиадад анх 1967 онд оролцож эхэлснээс хойшхи 49 жилийн хугацаанд энэ жил түүхэн дээд амжилтыг үзүүлэв. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд тогтмол оролцдог таван төрлөөр нийт дүнгээр алтан медаль 2, мөнгөн медаль 32, хүрэл медаль 93, тусгай байрын шагнал 86 удаа авч байсан бол энэ жил 20 гаруй хүүхэд Олон улсын олимпиадад оролцсоноос 16 сурагч төрөл тус бүртээ медалийн эзэн болжээ. Ялангуяа Олон улсын математикийн олимпиадаас анх удаа багийн бүх гишүүд медаль хүртсэн. Мөн Румын улсын Клуж-Напока хотод болсон Математикийн олимпиадад 107 орны 594 суралцагч оролцсон юм. Химийн олимпиадад 95 орны 304, Мэдээлэл зүйн олимпиадад 87 орны 330, биологийн олимпиадад 70 орны 260, физикийн олимпиадад 90 орны 400 суралцагч оролцсоноос монгол сурагчид бүх төрөлд медаль хүртсэн нь түүхэн дээд амжилт юм. Олимпиадад оролцсон сурагч, багш нар ярихдаа бүх төрлөөр ийнхүү өндөр амжилт гаргахад эерэгээр нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг нь БСШУСЯ-наас анх удаа Олон улсын олимпиадын зардлыг бүрэн хэмжээгээр олгосон явдал хэмээж байна. Цаашид Олон улсын олимпиадад оролцох зардлаас гадна сурагчдыг эх орондоо бэлтгэл хийх зардлыг ч яамнаас нэмж санхүүжүүлэх бодлого баримталж байгаа аж.
БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Ц.Чимэдлхам “Энэ жил Олон улсын олимпиад 3 онцлогтой боллоо. Юун түрүүн сурагчид маань төрөл бүртээ медаль хүртэж түүхэн дээд амжилтыг тогтоолоо. Хоёрдугаарт, өмнө нь олимпиадад амжилт үзүүлсэн хүүхдүүдийг мөнгөн шагналаар огт урамшуулж байгаагүй. Энэ жил анх удаа мөнгөн урамшуулал олгож байна. Гуравдугаарт, БСШУСЯ-наас анх удаа Олон улсын олимпиадад оролцож буй хүүхдүүдийн зардлыг бүтэн даасан. Өмнө нь зардлын тодорхой хувийг л олгож байлаа. Энэ жил өөрсдийнх нь төсөвлөж ирсэн зардлыг бүтэн олгож шуурхай зохицуулалт хийсэн нь амжилтад нөлөөлсөн гэсэн тайланг багш, сурагчид өгч байв.Цаашид манай яамнаас Олон улсын олимпиадад оролцох зардлаас гадна олимпиадад оролцох сурагчдын бэлтгэлийг өндөр хэмжээнд хангах зардлыг санхүүжүүлэх бодлого барьж байна” гэв. Олон улсын олимпиадад сайн бэлтгэж, амжилт гаргах нь эцэг эх, сурагч, багш, сургуулийн нөр их хөдөлмөрийн үр дүн. Тухайлбал, Олон улсын математикийн олимпиадад оролцогч сурагчид хоёр өдрийн турш, өдөр бүр 3 бодлого бодож оюун ухаанаа сорьдог, оюуны ачаалал ихтэй хүнд хөдөлмөр юм" гэлээ.