Бөхөнгийн тоо толгой хорогдсоор байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол бөхөнгийн тоо 2017 оныхоос 40 хувиар буурсныг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээллээ.
Монгол орны ан амьтны экосистемийг хадгалдаг гол төлөөллийн нэг нь зөвхөн манай улсад байдаг монгол бөхөн бөгөөд тоо толгой нь жилээс жилд буурсаар, 2018 оны 4-р сард хийсэн тооллогоор 5 мянга болсныг тогтоожээ. Бөхөнгийн тоо толгой нь хулгайн ан болон уур амьсгалын өөрчлөлт, идэш тэжээлийн хомсдол зэрэг шалтгаанаар ийнхүү цөөрч байгаа аж. Өмнө нь бөхөн зориудаар тавьсан идэж тэжээлийг иддэг болсон нь автомат камерын бичлэгээс харагдаж байгаа юм байна.
Тиймээс бөхөнгийн үржил төллөлт явагддаг бүс нутгийг хамгаалах, бөхөнгийн генийн чадамжийн судалгааг нарийвчлан хийх замаар бөхөнгийн сүргийн бүтцийг хадгалах стратеги төлөвлөгөөг боловсруулах зайлшгүй шаардлагатайг судлаачид онцолж байна.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас монгол бөхөнгийн үржилд анхаарч, судалгаа мониторинг хийхэд төрийн болон ТББ-уудтай хамтран ажиллаж байгаа аж.