Аварга малчин, тариаланчдын хамгийн залуу нь 30, хамгийн ахмад нь 56 настай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын аварга
малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт
олныг тодруулсан бөгөөд Баян-Өлгий аймгаас есөн иргэнийг шалгаруулжээ.
Тодруулбал, "Улсын хошой аварга
малчин"-аар тус аймгийн Буянт сумын хоёрдугаар багийн малчин Б.Амаржаргал, "Улсын аварга малчин"-аар Баяннуур сумын нэгдүгээр багийн малчин
Х.Еркебек, Алтай сумын нэгдүгээр багийн малчин С.Азат, Ногооннуур сумын
тавдугаар багийн малчин М.Дауит, Сагсай сумын Холагаш багийн малчин Ш.Ертай,
Дэлүүн сумын нэгдүгээр багийн малчин Д.Ергазы, Цэнгэл сумын зургадугаар багийн
малчин Н.Тогтоххүү, “Улсын аварга тариаланч”-аар Ногооннуур сумын иргэн С.Сатжан,
Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн Б.Салдатбек нарыг тус тус тодруулжээ.
Аваргуудыг тодруулахдаа малын тоо, бойжуулсан
төл, нэг малаас авсан ашиг шим, өрхийн орлого нэмэгдсэн эсэх, үржилд худалдсан
болон зах зээлд борлуулсан, даатгуулсан малын тоо, малжуулахад өгсөн
малын тоо, бэлтгэсэн өвс тэжээл, татвар төлөлт, хураасан ургац зэрэг
үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн ажээ.
Аварга малчид, тариаланчдын хамгийн
залуу нь 30 настай бол хамгийн ахмад нь 56 настай байна. Өнгөрсөн оны мал
тооллогын дүнгээр Б.Амаржаргал 1389, Х.Еркебек 2530, С.Азат 3044, М.Дауит 803,
Ш.Ертай 3101, Д.Ергазы 994, Н.Тогтоххүү 1873 толгой мал
тоолуулж, тус бүр гурваас таван өрхийг 136-522 толгой малтай
болгожээ.
Харин тариаланчдын хувьд С.Сатжан дөрвөн га, Б.Салдатбек 4,8 га-д тариалалт хийж, тус бүр 70-79 тонн ургац хураасан, 3-10 хүнийг ажлын байраар хангасан амжилтаар дээрх эрхэм хүндтэй цолын эзэд болсон байна.