БАЯН-ӨЛГИЙ: “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” 90 хоногийн аян зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын IV хуралдаанаар иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос хамгаалах, ноцтой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөө, бэлэн байдал, хэрэгжүүлэх шуурхай ажлуудыг хэлэлцлээ.
Хуралдаанд
аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Е.Зангар, аймгийн ИТХ-ын дарга
А.Бегарыс, Засаг даргын орлогч К.Бахытжан, ЗДТГ-ын дарга Ө.Тиянах болон Онцгой
комиссын гишүүд оролцлоо.
Аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан үер, усны аюулаас
урьдчилан сэргийлэх асуудлыг онцгой анхаарч, Өлгий хотыг тойрон барьж буй
27 км урт үерийн хамгаалалтын далан, суваг барилгын ажлын явцын талаар мэдээлэл
сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа.
Мөн сүүлийн үед насанд хүрээгүй хүүхдүүд
жолоодох эрхгүйгээр авто машин жолоодож, зам тээврийн осолд орж амь, эрүүл
мэндээрээ хохирох асуудал нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 62,5
хувиар өссөн зэрэгтэй холбогдуулан хүүхэд хамгааллын
чиглэлээр хийсэн судалгаа, тоон үзүүлэлтүүдийг хэлэлцэж, эрсдэлийг бууруулах
чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.
Түүнчлэн аймгийн ЗДТГ-аас Цагдаагийн газартай хамтран 2025 оны 6 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 1-нийг дуустал “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” 90 хоногийн аян зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээллээ. Уг аяны хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хууль дүрмийн хэрэгжилтийг сайжруулах, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор олон талт ажлыг авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.