БАЯН-ӨЛГИЙ: Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн хүүхэд багачуудын хөгжил, оролцоо, хамгааллын асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
“Баян-Өлгий аймгийн хүүхдийн хөгжлийн онцлог, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг аймгийн ХГБХХГ, МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуультай хамтран, орон нутгийн багш, сурган хүмүүжүүлэгч, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хийлээ.
Бага хурлыг хүүхдийн хөгжил,
оролцоо, хамгааллын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх,
тулгамдаж буй асуудлыг
тодорхойлох, шийдвэрлэх үр дүнтэй арга замуудыг эрэлхийлэх,
багш, мэргэжилтнүүдийн
судалгаа, туршлагыг хуваалцах, харилцан суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор
зохион байгуулжээ.
Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг
үнэлж, дараах илтгэгчид шагналт байрт шалгарлаа. Үүнд, нэгдүгээр байрыг
Баян-Өлгий аймгийн 5-р
сургуулийн багш Х.Толхын, С.Мейр нар “Хүүхдийн оролцооны идэвхжүүлэлтэд багшийн
үүрэг оролцоо” сэдэвт илтгэлээрээ эзэлж тэргүүлсэн бол, хоёрдугаар байрыг Буянт сумын ЕБС-ийн багш Б.Болдбаатар “Орон нутгийн нөхцөлд хүүхдийн хөгжлийн
орчны нөлөөлөл” сэдэвт судалгаагаар, гуравдугаар байрыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн
холбооны Баян-Өлгий аймаг дахь
салбарын тэргүүн Х.Ерлан "Хүүхдийн эрх хамгааллын тогтолцооны орон нутгийн
загвар" сэдэвт илтгэлээрээ шагналт байрт орж, тусгай байрт Цэнгэл сумын ЕБС-ийн
мэдээлэл зүй, хүний хөгжил болон бие хүний үнэлгээний багш К.Айжан, Хүүхэд, гэр бүлийн
хөгжлийн газрын 11-р багийн нийгмийн ажилтан Б.Байгальмаа, 13-р багийн нийгмийн
ажилтан А.Айша нар хамтарсан “Хүүхдийн гэр бүлийн орчны хамгаалалд салбар
хоорондын хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлэн шалгарлаа.
Энэхүү хурал нь орон нутагт хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ санаачилга, судалгаанд суурилсан бодлогын зөвлөмжийг боловсруулах чухал суурь боллоо хэмээн оролцогчид дүгнэн ярьж байна.



