АСА цогцолбор шуурга эхэлж байгааг малчиддаа анхааруулдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Эрдэнэдалай сум цаг агаарын аюулаас хамгаалах, амжиж анхааруулах буюу АСА цогцолбортой. Тус цогцолбор 7 жил гаруй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаг агаарын аюултай үзэгдлийн үед мэдээлэл шуурхай дамжуулах үйл ажиллагааг нь сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд оруулж, тодотгосон байна.
Тодруулбал, АСА цогцолбор аюулаас сэрэмжлэх мэдээг дамжуулахдаа аймаг сумын Онцгой комисс, аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээг толгойн сэргийлэгчид болон FM радиогоор дамжуулан малчид, иргэддээ урьдчилан хүргэдэг. Хамгийн гол нь орон нутагт орж ирж байгаа хүчтэй салхи, шуурганы бодит мэдээг толгойн сэргийлэгч нараас авч FM радиогоор түгээн, шуурганаас амжиж хамгаалах арга хэмжээ авахад нь малчдад тусладаг байна.
Толгойн сэргийлэх гэдэг нь жи мобайлын гар утас бүхий байнгын холбоо харилцаатай, ойр орчмын айл өрхүүдэд мэдээ дамжуулж хэлэх боломжтой, сумын төвөөс 80 хүртэлх км- ийн радиуст нутагладаг малчин өрх юм байна. Сумын Засаг даргын захирамжаар толгойн сэргийлэх 17 малчин өрхийг томилсон байдаг ажээ.
Энэ сарын 3- 4- ны өдөр тохиосон цасан шуургыг жишээлэхэд, толгойн сэргийлэх Д. Дуламсүрэн салхи шуурга эхэлж байгаа тухай мэдээг АСА цогцолборт 17 цаг 20 минут өгсөн байна. Үүнээс хойш 24 минутын дараа сумын төвд шуурга ирсэн бол 90 минутын дараа сумын зүүн хил орчимд нутагладаг толгойн сэргийлэх н.Жамъян шуурга эхэллээ гэдэг мэдээг дамжуулжээ.Ингэж шуурга эхэлж байгааг мэдээлэх нь малчид урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авах боломжийг олгодог байна. Мэдээллийн энэ суваг Эрдэнэдалай сумынхны хувьд хэвшил болсон бөгөөд одоогоор 500 гаруй малчин өрх FM радио сонсдог ажээ.
Т. Отгонтуяа