НӨАТ- ын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬӨнөөдрийн байдлаар хэрэглэгчиддээ НӨАТ-ын урамшуулал төлбөрийн баримт хэвлэн өгч байгаа 50 гаруй аж ахуйн нэгж Дундговь аймагт байна. НӨАТ-ын тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлсэн эхний сард дээрхи төлбөрийн баримтыг ганц хоёрхон аж ахуйн нэгж хэвлэдэг байсан бол ийнхүү нэлээд ахижээ. Гэвч төлбөрийн баримттай холбоотой иргэдийн санал гомдол тасрахгүй байна.
Иргэдийн хэлж байгаагаар зарим аж ахуйн нэгж цаас дууссан гэх нэрийдлээр төлбөрийн баримт хэвлэхгүй, зарим барааны үнийг төлбөрийн баримтад оруулалгүй тооцдог, заавал шаардуулж байж төлбөрийн баримт гаргаж өгдөг гэх зэргээр хуулийн дагуух үүргээ биелүүлэхэд хойрго ханддаг байна.
Иргэдийн гомдол, саналын дагуу аж ахуйн нэгжүүдэд хяналт чиглүүлж буй эсэхийг аймгийн Татварын хэлтсийн дарга М. Туяацэцэгээс тодруулахад, иргэдээс ирүүлсэн санал гомдлын дагуу тухайн аж ахуйн нэгжүүдэд сануулж байгаа. Удахгүй аймгийн Засаг даргын захирамжаар НӨАТ- ын тухай шинэ хуулийн хэрэгжилтийг орон нутагт хангах, хяналт тавьж ажиллах ажлын хэсэг томилно гэлээ.
Аймгийн ЗДТГ архи, согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг цуцалж, шинэ журмын дагуу дахин олгох юм байна. Тэрхүү журамд НӨАТ-ын урамшуулал бүхий төлбөрийн баримт хэвлэх нөхцлийг бүрдүүлсэн байх зэрэг шинэ хуультай холбоотой хэд хэдэн шаардлага оруулж байгаа нь хуулийн хэрэгжилтийг хангах нэг хэлбэр ажээ.
Т. Отгонтуяа