С.Арман: Өлгий сумын иргэд болон тэдний эд хөрөнгө өөр өөр хаягаар бүртгэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-15 14:03:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Баян-Өлгий аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 36,8 сая төгрөгийн санхүүжилтээр 2017 онд Өлгий хотын 6500 гаруй өрх, 280 үл хөдлөх хөрөнгө, 30 гаруй гудамж талбайд нийтдээ 7914 ширхэг хаяг байршуулсан билээ. Гэвч үүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрсөн ч хаягжуулалтын ажил бодит үр дүнгээ өгөөгүй, иргэдийн мэдээлэл иргэний бүртгэлийн мэдээллийн санд хуучин хаягаараа явж байна. Тийм учраас аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.Арманаас дээрх асуудлаар тодруулга авсныг хүргэж байна.


- 2017 онд Өлгий хотын гудамж талбай, хашаа байшингуудын хаягийг нэг бүрчлэн шинэчилсэн. Гэвч иргэдийн мэдээлэл мэдээллийн санд хуучин хаягаараа явж байгаа юм байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

 

- Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2017 онд төсөл хэрэгжүүлж, Хаягжуулалтын тухай хуулийн дагуу Өлгий хотын айл өрх, хашаа, гудамж талбайд шинэ хаяг байршуулсан. Хуучин хаягаар гудамжууд тоогоор явдаг байсан. Харин шинэ хаягаар бүх гудамжинд нэр өгсөн байгаа. Өнгөрсөн жилийн хоёр дахь хагасаас Геодези, зураг зүйн газар, Улсын бүртгэлийн хэлтэс болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хамтарсан ажлын хэсэг гарч, шинэ болон хуучин хаягийг нэгтгэх асуудлыг судалж байна. Одоогоор тодорхой хариу өгөөгүй.


 Шинээр иргэний үнэмлэх авч байгаа хүмүүсийн бичиг баримтад бас хуучин хаяг нь бичигдэж байгаа юу?


- Одоогоор эд хөрөнгийн хаягийг л Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргасан шинэ хаягийн дагуу бүртгэж байна. Яагаад гэвэл кадастрын зургийг үндэслэл болгодог. Харин хүмүүсийн иргэний үнэмлэх өөрсдийн хуучин хаягаар явж байгаа. Тухайлбал Өлгий сумын 13 дугаар багийн иргэн Бек болон түүний эд хөрөнгө өөр өөр хаягаар бүртгэгдэж байна гэсэн үг.


- Хаягжуулалтын ажлыг анх төлөвлөхдөө улсын бүртгэлийн байгууллагын саналыг авсан уу?


- 2013-2015 онуудад Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ийм санал гаргахад бид, шинэчилсэн бүртгэлээ арай гэж хийж байхад дахиад хаягжуулна гэдэг нь боломжгүй зүйл, маш их ажил, зардал гарна гэдгийг хэлсэн. Улсын бүртгэлийн байгууллагын саналыг харгалзан үзээгүй ч Хаягжуулалтын тухай хуулийн хүрээнд хийгдсэн ажил учраас юу ч хийж чадахгүй байна.



- Иргэдийг шинэ хаягийн дагуу дахиж бүртгэхэд хэчнээн хэмжээний зардал гарах вэ?


- Нэлээн зардал, ажил гарна. Гэвч одоогоор нарийн тооцоо судалгаа байхгүй. Нэгдсэн нэг хаягтай болгоно гэвэл иргэний үнэмлэхэд бичигдсэн бүх хаягийг шинэчилнэ гэсэн үг. Эсвэл мэдээллийн санд байгаа мэдээлэлд өөрчлөлт оруулах замаар иргэний үнэмлэхийг шинээр болон дахин олгох /иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, эсвэл 25, 45 нас хүрсэн иргэд/ явцад өөрчилж байх уу гэдгийг дээр дурдсан ажлын хэсэг судалж, чиглэл өгөх байх.


-  Дээр та ажлын хэсэг тодорхой шийдэл олохоор ажиллаж байна гэлээ. Үр дүн хэзээ гарах вэ?


- Төвөгтэй асуудал үүсээд байгаа. Одоогоор ямар нэгэн хариу өгөх боломжгүй байна.

相关新闻